700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийлээ.

Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Тэд 100 гаруй нь тоногдсон булш байгаа гэдгийг онцлоод тэдний нэг хэсгээс энэхүү үнэт олдворыг олсон гэлээ.

Доктор Ж.Баярсайхан:

"Архелогийн малтлагыг хийхийн тулд зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсны дараа буюу жилийн дараа малтлага хийсэн. Тонуулчид метал хайгчаар илрүүлж чадаагүй 10 гаруй ваар олсон. Цэвдэгт дотор хадгалагдаж үлдсэн дөрвөн ваарны гурав нь өрөм, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Бид хугацаа алдсан л бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байсан. Анх бид тус нутагт угсаатны зүйн судалгааны ярилцлага хийж байх үедээ Хориг уулын аманд өвөлждөг Г.Баттөр гэдэг өндөр настай эмэгтэйтэй уулзсан. Тэр өндөр настантай ярилцах үед өвөлжөөнийх нь ард тонуулчид булш тоносон талаар хэлсэн юм. Энэ бол Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд юм. Мөн бид алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал эд өлгийн зүйлсийг олсон.

Бид зөвхөн нэг хэсгийг л авран хамгааллаа. Цаашид энэ бүс нутгийг тусгай хамгаалалтад авмаар байна. Бидэнд маш том судалгаа, лаборатори алга. Сайн микроскоп ч байхгүй. Олон улсын багтай хамтран ажиллаж байгаадаа ажил урагшилдаг" гэв.

Америкийн Монгол судлалын төвийн эрдэмтэн Жулиа Кларк:

800 жилийн өмнөх 4, 5 настай хүүхдийг уламжлалт байдлаар оршуулсан нь бидний үед илэрлээ. Энэ хүүхэд мөнхийн газраа амар тайван нойрсож байж. Гэтэл муу хүмүүсийн гарт орж ясыг нь тарааж шидэлсэн нь маш харамсалтай. Соёлын өвийг хамгаална гэдэг нэг яам, нэг байгууллагын ажил биш, хамтын ажил гэдгийг мартаж болохгүй.