“Аз хур” номын дэлгүүрээс зохион байгуулдаг "Зөв Монгол хүн" өглөөний уулзалтын зочноор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Жамъяандоржийн Бямбаа уригдсан юм. Энэ үеэр тэрбээр “Зөв Монгол эмэгтэй” сэдвээр залуусын асуултанд хариулсныг хүргэж байна. Одоо нэвтрүүлэгч Ж.Бямбаа бурхны шашны "Лавайн эгшиг" радиод ажиллаж буй.

-Зөв монгол эмэгтэй хүн ямар байх ёстой юм бэ?

-Хүүхэд Монгол хүн байх утга учрыг ээжээс л өвлөж сурч эхэлдэг шүү дээ. Тиймээс монгол үндэстний дархлааг тогтооход эмэгтэй хүний үүрэг маш чухал. Ер нь амьдрал дээр эмэгтэй хүний ухаанаас олон зүйл шалтгаална.

-Та ээжээрээ хэр загнуулдаг хүүхэд байв?

-Миний ээж Буниа гэж их уран гартай, нягт нямбай эмэгтэй байсан. Тэр чамбай занг нь би дуурайгаагүй. Харин аливаад чин үнэнч занг нь өвлөсөн гэж боддог. Хожим хамт олны дунд ороход энэ нь хэрэг болсон. Ганц хоёр удаа л том зэмлүүлж байсан юм. Би хүний ганц охин болохоор аав ээжээсээ байнга дүү нэхдэг байлаа. Нэг удаа сумынхаа хэн нэгэнд нь “Манай ээж хүүхэд гаргах гэж байгаа” гээд худлаа хэлчихсэн юм. Жаахан хүүхэд хойно хэлснээ мартчихалгүй яахав. Гэтэл сум даяар тарж ээжийн чихэнд хүрчээ. Ээж хэргийн эзнийг хайтал охин нь байж таараад. Ингэж би  ээждээ нэг сайн гөвшүүлж үзсэн. Сүүлд ээжийнхээ наадмаар өмсдөг дээлийнх нь бүсийг цуулж дэээс тоглож загнуулсан даа. Их л сахилгагүй хүүхэд байжээ. Ямар сайндаа л Бямбаагийн хүйс нь солигдсон байх гэдэг сэн. Аав ээж минь ийм энхрий өсгөсөн хэрнээ намайг дураар тавиагүй юм шүү. Эргээд бодоход өсч төлөвшихөд минь том буян хийжээ гэж ээж аавдаа баярладаг.


-Ээжийгээ зүүдэлдэг үү?

-Ээж минь 10-аад жилийн өмнө бурхан болсон. Хааяа зүүдэлнэ. Ямар ч байсан хүн ээжийгээ бодож явахад хүнийг сэтгэлийн орон зай хэзээ ч хоосон байдаггүй юм билээ. Ээж минь энэ орчлонгоос  явсан ч дээд тэнгэрээс харж ивээж яваа гэдэгт би итгэдэг. Магадгүй та ээжтэй бол хамт байсан цаг хугацаандаа хайрлаж, ганц ч гэсэн үгээр гомдоохгүй байхыг хичээгээрэй. Хүн сэтгэлээрээ шүү дээ. Ганц сайхан үг хэлчихээр урам авна, асаад л явчихна.

-Эмэгтэй хүн энэ амьдралаас сурч болох хамгийн чухал зүйлийг та юу гэж боддог вэ?

-Эмэгтэй гэлтгүй хүн амьдралын ухаантай, зөв буруугийн дэнсийг хадгалж явах ёстой гэж боддог. Бид нарын дунд ч хичнээн их дээд сургууль төгссөн ч мөнгө төгрөгөө зохицуулж чаддаггүй, гарынхаа салаагаар урсгачихдаг, бусдад тус нэмэр болдоггүй хүмүүс байдаг шүү дээ. Амьдралын хар ухааныг хүн ухаан орсон цагаасаа ээж ааваасаа авч сурч төлөвшдөг юм уу даа. Хамгийн гол нь хүнд бусдыг энэрч хайрлах сэтгэл чухал. Хүн хүнээ хайрлана гэдэг хүрч чадахгүй оргил биш шүү дээ. Хэрвээ бид хэнийг ч хайрлахгүй, хайрлуулахгүй амьдарвал хүйтэн хөндий мөс шиг хүйтэн цэвдэг сэтгэлтэн болох байсан биз. Бусдыг яг өөрийнхөө үр хүүхэд шиг хайрлаж чадвал хүн гэдэг төгс хэлбэрээ олж байгаа хэрэг.

-Эмэгтэй хүн амьдралынхаа ханийг яаж сонгох ёстой гэж боддог вэ?

-Хүнийг хэлж байгаа үг яриагаар нь дүгнэчих амархан санагддаг. Үйл хөдлөл, харцнаасаа л хүн танигдана. Нэгэнт анхны харцаар нэгэндээ сэтгэлтэй болсон бол буруудах зүйлгүй гэж боддог. Тэгэхээр  энэ бүхнийг тухайн хүний сонголт л мэднэ. Сонголтоо хийхдээ үүнийг мэдэрдэг мэдрэмжтэй байх ёстой болов уу.

Би гэхэд нөхөртэйгээ 8 дугаар ангиасаа үерхэж байгаад суусан. Авто инженерийн мэргэжилтэй хүн байлаа. Телевизийн ажил цаг наргүй шүү дээ, баяраар гэхэд шөнө 1-2 цагийн үед эфирээ дуусгаад гэртээ орж ирдэг үе олон. Сайн ханийн ачаар ажлаа хийж хүүхдийн эцэг эхийн хуралд сууж, сургуульд нь зөөж үзээгүй. Ямар сайндаа нэг удаа манай хүн бухимдчихсан сууж байхаар асуусан чинь “Би эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү. Хүүхэд намайг тогооч аав” гэж дуудлаа гэж билээ. Гэхдээ хань минь энэ бүхэнд гуниж туниад байгаагүй. Хань минь намайг үргэлж тулж түшиж явсан учраас би өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тийм учраас ханьдаа сэтгэл зүрхнээсээ мөргөж сүсэлж явдаг. Ханиа алдах өнчрөл хагацал хамгийн хэцүү. Энэ хоосон орон зайг миний хөөрхөн ач зээ нар эзэлж намайг уйлуулж, баярлуулж, инээлгэж дүүргэдэг юм байна.


-Таныг цээжээрээ 60-70 шүлэг мэддэг гэж сонссон. Цээжлэх чадвараа яаж хөгжүүлсэн бэ?

-Юм идэж байж ходоод баясч эрүүл явдаг шиг оюун тархи юм уншиж, тогтоох тусам улам л хөгждөг. Бид нарын мэргэжлийн онцлог маш их юм уншиж тогтоож цээжлэх шаардлагатай. Хэдхэн хоногийн дотор олон хуудас шүлэг бүтээл тогтоох ч үе байсан. Миний анзаарснаар хүн уншаад цээжлээд байх тусам юм тогтоохдоо сайн болдог. Залуудаа нэг шүлгийг 2-3 уншаад залуудаа цээжилчихдэг байсан. 


-Одоогийн залуу хөтлөгч нарт юу хэлмээр санагддаг вэ?

-Энд тэндэхийн нэвтрүүлэг хөтлөгчийн дамжаанд хичээл орж багшилж үзлээ. Тэгэхэд тэнд байгаа залуусын ихэнх нь шүлэг яруу найраг огт сонирхдоггүй, нэг ч шүлэг уншиж мэддэггүй гэж хариулахыг сонсоод харамссан. Тиймээс шүлэг яруу найраг сонирхоорой, ном уншиж байгаарай гэж хэлмээр санагддаг.


-Та өөрөө хэр номонд дурладаг байв?

-Намайг бага байхад хүүхдийн ном зохиол тун ховор байлаа. Анх Оросын зохиолч Носовын “Үл мэдэх нарны хотхонд очсон нь” зохиолыг уншиж анх номын амтанд орсон.Том болоод хайр сэтгэлийн тухай бичсэн дэлхийн сонгодогуудыг аав ээжээсээ нууцаар уншдаг байлаа. Энэ сэжмээр шүлэг яруу найрагт дурлаж хожим “Болор цом” наадмыг 22 жил хөтлөсөндөө баярлаж явдаг.


-Таныг юу хөтлөгч болоход хөтөлсөн бэ?

-Анхнаасаа л шүлэг яруу найраг намайг энэ ажилтай холбосон. Увс аймгаас ирсэн уран уншигч эгчийг “Эх” найраглалыг уншаад уран уншилт гэдгийг анх мэдэрсэн. Түүнээс хойш байнга шүлэг цээжилдэг, уншдаг болсон юм. Бас байнга радио сонсдог хүүхэд байлаа.

Ээж минь намайг хожуу 35-тай гаргасан, ёстой хүүхдийн хүслэн байхад би ирж аав ээжийгээ магнайг нь хагартал баярлуулж, энхрий өссөн хүний ганц үр. Радио сонсоод аав ээжээсээ энэ газар хаана байдаг юм бэ, тэр газарт очмоор байна гэж шална. Ингээд аав ээж минь ганц охиныхоо хүслийг биелүүлэх гээд гэрээ ачаад Улаанбаатар руу орж ирсэн. ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд “Халх гол”-ын сангийн аж ахуйд хувиарлагдаад явах гэж байхдаа телевизид нэвтрүүлэгч шалгаруулалтад орсон. Энд л тэнцэж телевизийн урлагт хөл тавьж байлаа. 

-Эфирт гараад хөглөж байсан түүхээсээ хуваалцаач?

-Олон ч удаа хөглөсөн. Эхний 2-3 жил маш их загнуулсан, мэдээгээ уншихдаа үс нь гогцоорчихсон байна гэж нэлээн их зэмлүүлж билээ. Хувцас хүртэл тохируулж өмссөнгүй, мэдээг ноосон цамцтай уншлаа гэж шүүмжлүүлнэ. Хүний хүсэл сонирхол хүнийг хөтөлдөг болохоор бараг сарын дотор л би хотын хүн болчихож билээ. Хөдөөгийн буйдхан газар өсч төрсөн улаан хацартай охиныг миний ард түмэнд дотны хүн шиг танилцуулсан баянтай газар даа телевиз урлаг. 

-Таныхаар азжаргал гэж юу вэ

-Юм гэдэг хамгийн энгийнээс эхэлдэг. Миний бодлоор азжаргал бидний оюун ухаан, гарт л байдаг зүйл. Харин хүн яаж амьдрахаа өөрөө л шийддэг. Харин сэтгэлээ л гаднаас юу ч нэвтэлж чадахааргүй бат, юу ч сэвтээхээргүй ариун сайхан байлгах ёстой юм шиг санагддаг. Эцэстээ азжаргал гэж эрүүл явах, сэтгэлийн амар амгалантай амьдрахыг хэлдэг байх