Маргааш Төрийн ордонд "ЖДҮ-г жинхэнэ эздэд нь хүргэе" хэлэлцүүлгийг орон нутгийн төлөөлөгч нар хийхээр болжээ. Энэ тухайгаа өнөөдөр ЖДҮХС-г шалгах түр хорооны гишүүн УИХ-ыг гишүүн А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа "ЖДҮХС-тай холбоотой шуугиан нийгэмд гарчихлаа. Гэхдээ үүнийг далимдуулж ЖДҮ гэдэг үг сөрөг утгатай болчих вий. Иймээс төрийн хууль тогтоомжийг эргэн харах, зээл авах босгыг нь багасгах жинхэнэ бизнес эрхлэгдчийн дуу хоолойг сонсох үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэв.

Хэлэлцүүлэгт ЖДҮ эрхлэгч нарын 21 аймгаас ирсэн төлөөлөл оролцох бөгөөд тэд санг нээлттэй шилэн данстай болгохыг хүсч, төрийн түшээдэд дуу хоолойгоо сонсгохыг хүсчээ. Мөн ЖДҮ-дэмжих хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагыг ч хүргүүлж, бизнес эрхлэх боломжийг бий болгох асуудлыг хөндөх, гарц шийдлийг эрэлхийлэх аж.


Тэдний нэг нь Архангай аймгийн төлөөлөгч нар юм.

Тус аймгийн жижиг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар энэ жил ЖДҮ хөгжүүлэх сангаас 850 сая төгрөгийн төсөвтэй 45 сая төгрөгийн зээл хүсчээ. Гэвч 300 орчим ажлын байр бий болгох, улсад 40 орчим сая төгрөгийн татвар төлөх уг төслүүдээс нэг нь ч дэмжигдээгүй гэдгийг тус аймгийн Жижиг дунд үйлдвэрлэл бизнесийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасан хэлэв. Шалтгааныг нь тодруулахад санхүүжилт хүрээгүй, дугтуй нь зориулалтын биш байна гэж тайлбарласан гэв.