ЖДҮХС-ийн зээл олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд гаргадаг байсныг өөрчилж шинэчилсэн журам баталжээ. Тухайлбал тус сангаас олгодог дээд хязгаарыг нэг тэрбум, доод хязгаарыг 20 сая төгрөг байхаар тогтоосон байна.

Мөн төрийн албан хаагчдад их хэмжээний зээл олгосон гажуудлыг засахын тулд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компани, аймаг, сумуудын удирдлага болон тэдний гэр бүлийнхний хувьцаа эзэмшдэг компанид зээл олгохгүй байхаар заалт нэмжээ.

Төсөл сонгон шалгаруулах товыг улс даяар зарлаж, олон нийтэд ил тод болох аж. Энэ оны сонгон шалгаруулалтад оролцох төслийг тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10 хүртэл хүлээн авах юм. 

ЖДҮХС-ийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл шалгаруулах журамд орсон өөрчлөлтүүд

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил  үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах  шаардлагыг бий болгосон.
  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  14. Дээд хэмжээ -  ЖДҮХ сан  1.0 тэрбум хүртэлх

Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх

Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая

Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх,