НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна.

“Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн цорын ганц дагуул дээр буух аппаратын бодит хэмжээний загварыг тайзан дээр үзүүлсэн байна. Газардагч аппаратыг “Blue Moon” гэж нэрлэжээ.

Уг аппаратыг гурван жилийн хугацаанд бүтээсэн байна. Безосын хэлснээр, “Blue Moon” 3.6-6.5 тонн ачаатайгаар саран дээр зөөлөн газардаж чадна. Ийм хэмжээний ачаа ачсан үед уг аппаратын орой хэсэгт нь сарнаа явагчийг байрлуулж болох аж. Газардагч аппаратад зориулж, “BE-7” хөдөлгүүрийг тусгайлан бүтээсэн байна. Газардагч аппаратын анхны туршилтыг зун явуулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг