УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар толгойлуулсан 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Занданшатарт өргөн барьсан. Засгийн газрыг олон үндэслэлээр огцруулж байгаагаа тэд тодорхой дурьдсан юм. "Өмнөх Засгийн эрх барьсан АН-ын эдийн засгийг хүнд байдалд оруулсан шалтгаанд хариуцлага тооцоогүй нэг жилийг үдлээ. Эрдэнэтийн асуудал, 60 тэрбум, Концессын гэрээ нэрээр 800 тэрбум төгрөгийг хуваасан" гээд олон шалтгаануудыг дурьдлаа. Харин сайдын суудал, албан тушаалын сонирхол Засаг огцруулах үндэслэл болж байгаа гэж гарын үсэг зураагүй гишүүд үзэж байгаа. Сайдын суудалд санаархаж буй гишүүдийн нэг  Ж.Энхбаяр гэж тодорхойлоод байна. 

Ж.Энхбаяр гишүүнээс  энэ талаар тодруулахад “Бид үндэслэлээ хангалттай тайлбарласан. Монгол Улсын язгуур эрх ашиг чухал. Би сайдын ажлыг хангалттай хийх туршлагатай. Өнгөрсөн хугацаанд Батлах хамгаалах, хил хамгаалахтай холбоотой 7-8 хуулийн ажлын хэсгийг ахлаж байсан. Би УИХ-ын гишүүн. Үүрэгт ажлаа өнөөдөр ч хийсээр явна. ” гэсэн юм. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг гарын үсэг зурсан гишүүд өөр өөрийн байр сууринаас илэрхийлсээр байна. 

Хэрэв УИХ өөрөө Засгийн газрыг огцруулах санал гаргасан бол Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын тайлбарыг авснаас хойш 15 хоногт асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байдаг.