Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хугацаатай, хөнгөлөлттэй олгосон зээлийн талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар өнөөдөр хуульчид мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр хуульч Ж.Эрхэмбаатар "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдэд олгогдсон зээл маргаан дагуулаад байгаа. Энэ маргааны хүрээнд өрнөж буй асуудалд хуульчид ямар байр суурьтай байгаа болон хийж буй ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.

Дэлхийн аль ч улсад хуульчдын хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулдаг. Зорилго нь Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах, хуулиар засаглах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө нийгэмд өрнөж буй олон нийтийн эрхийш хөндсөн, зөрчсөн үйлдлүүдэд дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүн, үйлдлээр оролцох байдаг. 

Бид мөн хөдөлгөөнийхөө хүрээнд хэд хэдэн ажлыг хийсэн. Эдгээрийн нэг нь Захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг үр дагаврыг олон нийтэд танилцуулсан. Үндсэн хуулийн Цэцэд гишүүнээр томилогдсон хүмүүс нь шаардлага хангахгүй байгаа талаар мөн мэдээлсэн.

Одоо бол ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээл нь ямар хууль тогтоомж, зөрчсөн болох, үүнээс учирсан хохирол, хохирсон иргэд аж ахуйн нэгжийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. 

Өнөөдөр бид хэн нэгэн улс төрийн нэрийг хэлэхгүй бөгөөд ямар нэгэн улс төрийн нам бүлэглэлийг төлөөлөөгүй гэдгийг мэдэгдье. 

Бид Захиргааны хэргийн анхан болон давж заалдах гэсэн 2 шатны шүүхэд хандсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хүрээнд өрнөж буй улс төрийн том асуудлын цаана ямар шийдвэр гаргасан байна вэ гээд судлаад үзэхээр ХХААХҮ-ийн сайдын 3 тушаал байгаа. Энэ 3 тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй асуудал үүссэн. 

Сайдын тушаал гэдэг бол захиргааны нэг акт. Нийтийн эрх ашгийн төлөөх буюу нийтийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан асуудлаар төрийн бус байгууллага шүүхэд хандах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд бид Анхан шатны шүүхэд хандсан. 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь өөрөө төсөл сонгон шалгаруулах журам баталж, журмынхаа дагуу төслөө шалгаруулдаг. Уг журамд тодорхой 2 өөрчлөлт оруулснаар өмнө нь тус зээлийн шалгуурт тэнцэж, эх үүсвэр нь хүлээгдэж байсан аж ахуйн нэгжүүдийн санхүүжих бололцоог хаасан байна. Ингэснээр шинээр төсөл авч маргаан дагуулаад буй 124 аж ахуйн нэгжид зээл олгох үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байгаа. Үүнийг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгсөн байгаа" хэмээн мэдэгдлээ.


ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хуульчдын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.