Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотойгоор хөхний эмгэг өөрчлөлтүүд нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хөхний хавдар эрс өссөн нь эмч, мэргэжлийн байгууллагуудын санаа зовоосон асуудал болжээ.

Тиймээс Монголын хөхний дүрслэл оношилгооны нийгэмлэгээс анх удаа, АШУИС, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран анх удаа “Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр форум зохион байгууллаа. 

Форумд Эрүүл мэндийн сайд Л.Сарангэрэл, Монголын хөхний дүрслэл оношилгооны нийгэмлэгийн тэргүүн Л.Төгсжаргал, Монгол улсын гавьяат эмч Р.Асай нар хүрэлцэн ирж эмч мэргэжилтнүүдэд хөхний оношлогооны чиглэлээр тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Мөн энэхүү форумд Япон улсын Хөх, бамбай булчирхайн хэв авиан нийгэмлэгийн профессорууд хүрэлцэн ирсэн юм. 

Статистик тоо баримт дурьдвал жилд дундажаар 250 орчим хүн хөхний хорт хавдартай гэдгээ оношлуулж мэддэг аж.

Харамсалтай нь энэ тоо болон тохиолдол улам нэмэгдсээр байгаа аж. Үүнд хамгийн их нөлөөлж буй хэд хэдэн зүйлийг эмч нар дурьдсан юм. Тухайлбал хэт эрт жирэмслэх, сарын тэмдэг эрт ирэх, цөөн төрөх, хөхөөрөө хооллохоос татгалзах мөн сүүлийн үед ихсэх хандлагатай эмэгтэйчүүдийн архи тамхины хэрэглээ ч сөргөөр нөлөөлдөг гэв.

Уг нь эмэгтэйчүүд өөрсдөө ч хөхөө үзэж, шалгаж энэ өвчнийг илрүүлэх боломжтой. Харамсалтай нь үүнийг иргэд тэр бүр тоодоггүй, нөгөө талаасаа эрүүл мэндийн боловсрол тааруугаас үүдэн уг өвчний хор хөнөөлийг амссаар байна.

Хорт хавдар нас ахих тусам эрсдэл нь нэмэгдддэг. Саяхан ХСҮТ-ийн сүүлийн таван жилийн судалгааны үр дүнг харахад  45-49 насны эмэгтэйчүүд хөхний хавдар өвчинд илүү өртсөн байна. Тоогоор авч үзвэл энэ насны 10 эмэгтэй тутмын 8 нь хөхний өмөнтэй гэсэн үг. Энд нэрлэхгүй байж болохгүй нэг шалтгааны нэг нь хүүхдээ хөхөөр хооллоогүйгээс үүдэлтэй. Эмэгтэй хүний хөх хүүхдээ хөхүүлэх үүрэгтэй эрхтэн. Харин сүү үйлдвэрлэдэг булчирхайнууд ажиллаад сүү гаргаж байхад хүүхдээ хөхүүлэхгүй бол эсүүдийн бүтэц алдагдаад эхэлдэг.Тэр нь явсаар хавдар болох шалтгаан болдог гэв. Тиймээс хугацаандаа төрж хүүхдээ хөхөөр хооллож байхыг энд цугласан эмч нар зөвлөж байлаа. 


Хөхний хорт хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэгийг таргалалт, үр хөндөлт

П.Төгсжаргал /АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхмийн ахлах багш/

Манай улсад сүүлийн жилүүдэд хөхний оношлогоо сайжирсан. Олон улсад хэрэглэдэг бүх л шинжилгээний арга, орчин үеийн тоног төхөөрөмж хэрэглэж байна. Өчигдөр гэхэд нэгэн хувийн эмнэлэг тодосгогчтой авиа шинжилгээг хөхөнд хийдэг боллоо. Гэхдээ эмэгтэйчүүд төдийлэн эрт шинжилгээнд хамрагдахгүйгээс болоод хүнд шатанд орсон хойно оношлуулж байна. Хамгийн гол шалтгааны нэг нь гормоны өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд олон улсын судлаачид хөхний хорт хавдарт нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэгийг таргалалт, үр хөндөлт. 

Гэхдээ тухайн хүнээс хамаарахгүй эрсдэлт хүчин зүйлүүд ч байдаг аж. Жишээ нь хөхний өмөнгийн тохиолдлын 5-10 хувь нь зарим генийн өөрчлөлттэй холбоотой гэнэ. Хөхний BRCA-1 ба BRCA-2 генийг агуулсан хүн хөхний хавдараар өвчлөх магадлал 80 хувь байдаг гэв. Хэрэв ээж эгч, охин дуу гээд цусны төрлийн хамаатнаас нь хэн нэг нь хөхний хавдар тусч байсан бол энэ өвчнөөр өвлөх эрсдэл 2 дахин нэмэгддэг гэж эмч мэргэжилтнүүд онцолсон.


Хөхний хавдраар оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа мэддэг

А.Ганзориг /ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн харьяа Цээжний хөндийн мэс заслын тасгийн мэс заслын их эмч, ахлах зэрэг, АУ-ы доктор/

Эмэгтэй хүнд хөхний хавдар шууд удамшина гэж байдаггүй, харин хөхний хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг хүчин зүйлс бий. Үүнд амьдралын хэв маяг, архи, тамхинаас хамааралтай хорт зуршил, буруу хооллолт, дааврын зохицуулгагүй хэрэглээ, үр хөндөлт,  зулбуулах эм түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хэрэглэх , таргалалт, хэт хожуу төрөх зэрэг шалтгаан хамгийн гол нөлөө үзүүлдэг. Эдгээр шалтгаантайгаар жил ирэх тусам л хөхний хорт хавдрын тоо нэмэгдэж байна. Жилд 300 гаруй хүн уг оношоор оношлогдоход тэдний 200 гаруй хөхөө тайруулдаг.  Үлдсэн хувийнх онош бага дээрээ илэрсэн учраас эмчилгээндээ хамрагддаг. Хүүхэд төрүүлээгүй хэрнээ яагаад хавдар тусчихдаг юм бол манай үйлчлүүлэгч нараас асуудаг. Гэтэл хүүхэд төрүүлэхгүй байх нь өөрөө хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ эмэгтэйчүүд эдгээрээс үүдэж өвдөнө гэж шууд ойлгож болохгүй. Дээр хэлсэн нь сөрөг үр дагавартай эрсдлийг бий болгодог гэсэн үг шүү.Ерөнхийдөө монгол эмэгтэйчүүд хөхний эмгэгээ тоохгүй явж байгаад дэндүү оройтож хандаж байна. Хөхний хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа мэддэг. 

Бас нэг нөлөөлж байгаа зүйл бол цэвэршилтийн үеийг удаашруулах гармоны эмчилгээг замбараагүй дур мэдэн хэрэглэх нь эрсдлийг нэмэгдүүлсэн.

Манайхны үл тоодог зүйл бол хөхний идээт үрэвсэл. Манайхны хэлдэгээр бол горьдохыг хэлж байгаа юм. Ерөнхийдөө монголд л байдаг онош л доо. Энэ бол хөхөнд халдвар ороод идээлж буглахыг хэлж байгаа юм. Хэрэв үүнийг тоохгүй удвал хүний цусанд нь идээ орж үжил болох аюултай.