Бидний мэддэгээр уксусная кислота  “Опасна для жизни” /Амь насанд аюултай/ гэсэн шошготой орос цуу буюу 70 хувийн цууны хүчил манай оронд худалдаалагдсаар байна. Уг нь 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Монгол улсад оруулах, худалдаалахыг хориглосон тушаал гарсан байдагт аж.

Гэтэл энэхүү бодисыг эцэг эхийн хараа хяналт суларсан үед 2-5 насны хүүхэд ууснаас болж 30-40 хүүхэд түлэгдэж эмнэлэгийн үйлчилгээ авдаг аж. Энэ талаар Хүүхдийн мэс заслын эмч, МУ-ын төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор М.Түмэннасангаас тодруулахад "Уксус маш аюултай. Хүүхдийн ам, залгиур, улаан хоолой, ходоодыг нь хүртэл түлдэг. Ялангуяа хоол дамжуулах үүрэгтэй улаан хоолой хожим нь сорвижин нарийсаж хоол идэж чадахгүйд хүрч болох аюултай. Үүнийг эмчилж, хоол идүүлэхийн тулд гуурс шиг резинэн тусгай зориулалтын тэлэгч амаар нь гудруулан хийж улаан хоолойг нь тэлдэг. Энэ бол нэгэнт сорвижин нарийссан улаан хоолойн үндсэн эмчилгээ бөгөөд 3-6 сарын турш хийдэг. Зарим тохиолдолд бүтэн жилийн хугацаанд ч хийх шаардлага гарна. Энэхүү эмчилгээ нь хүүхдийг тарчлаан зовоохын гэр бүлийг маш хэцүү байдалд оруулдаг. Эмчилгээ үр дүнгүй тохиолдолд бүдүүн гэдэсний хэсгээр нь улаан хоолойг орлуулан солих мэс засал хийх болдог. Та бүхнийг энэхүү мэдээллийг уншаад гэртээ байгаа 70%-ийн Орос цууны хүчлийг маш болгоомжтойгоор крант руугаа асгахыг зөвлөж байна. Магадгүй дэлгүүрт худалдаалж байгааг харвал хураахыг шаардах, МХГ-т хандах хэрэгтэй" гэсэн юм.