МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Ж.Мөнхбат "МАН алдаа, оноо бүх зүйлээ Их хурлаараа дүгнэдэг. Мөн цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг зорилтоо тодорхойлно. Манай нам орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн олон удаагийн сонгуулиар эрх баригчаас сөрөг хүчин, сөрөг хүчнээс эрх баригч болсон алдаа оноо, зовлон жаргал их байна. Энэ бүхнээ хуваалцана. 

Энэ удаагийн Их хурлын өмнө МАН түүхэндээ анх удаа эв нэгдлийн хувьд таарамж муутай байлаа. Намын гишүүд хоёр тал болчихсон. Нэг хэсэг нь сөрөг хүчинтэйгээ нийлээд Засгийн газраа унагачихсан байдалтай Их хуралд орж байна. Тийм учраас Их хурлаас маш том зүйл хүлээж байна. Их хурлаар хэн нэгэн удирдлага, хувь хүн, фракцын эрх ашгийг биш нийт МАН-ын том эрх ашгийг харсан, хөндсөн шийдэл гараасай гэж бодож байгаа.  

Их хурлаар төлөөлөгчид ямар нэг журам дүрэм гэхээсээ илүү эвдэрсэн, муудалцсан намаа яаж эвлүүлж авах вэ, цаашид яаж нэг цул хүч болж явах вэ гэдгийг хөндөн ярьж байна. Асуудлыг тойроод, өнгөлөөд косметик хагалгаа хийхгүй, үнэн мөнөө яриад шийдэлд хүрсэн Их хурал байгаасай гэж би хүсч байна.

Намын бүлэг хоёр тийшээ харсан байгаа энэ үед эдгээрийг эвлүүлж чадах, цааш нь авч явж чадах хүн намын дарга болох ёстой. Улс төрийн нам гэдэг хувь хүний компани юмуу тушаалаар хөдөлдөг цэрэг хүчний байгууллага биш. Нам бол мянга мянган хүний итгэл үнэмшлийн нэгдэл байдаг. Намыг ширээ "шааж", чанга дуугарч удирддаггүй. Бодлого, ёс суртахуун, итгэлээр удирддаг. Энэ бүхнийг хангаж чаддаг хүн л намын дарга болмоор байна" хэмээн мэдэгдлээ.