УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэх товтой ч Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд орж ирж, асуудлаа танилцуулахгүй хүлээлт үүсгээд байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрохыг шаардаж, лоозон барин УИХ-ын даргын индерийн өмнө эсэргүүцэл илэрхийлэн зогсож байна. Эдгээртэй холбоотойгоор чуулганы танхимд гишүүдийн дунд эмх замбараагүй байдал үүсээд буй юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Монголын төр эмгэнэлт, эсвэл хошин жүжиг болж дууслаа. УИХ-ын 40 гишүүн чуулганы танхимд орж ирээд салбарын сайдыг нь томилоод, Засгийн газрын дутууг нь гүйцээж өгөх гээд байхад Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдтэйгээ танхимд орж ирэхгүй юм. Монголын төр та бүхний хувийн амбицийн тоглоом юм уу. ХХААХҮ-ийн салбарын жаргал, зовлон та нарт хамаагүй юм уу. Дуртай үедээ хэн нэгний нэрийг дэвшүүлж хаячихаад, алга болчих юм. Та нар өөрсдөөсөө ич. Энэ чинь одоо юу болж байгаа юм. Бидэнтэй бидэнгүй энэ улсын төр гэж байна. Чадахгүй бол бүгд огцоръё. Дахиад энэ төрийг удирдаад явчих 76 хүн Монголд хангалттай байгаа. Ажлаа хийвэл хийсэн шиг хий. Та нар битгий даварцгаа, битгий дарвалз" хэмээн хэллээ.