УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийн томилгоонд хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар хэд хэдэн зүйлийг онцолж хэлснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын дунд маргаан үүссэн юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулав. Тэрээр "Би сая чуулганы хуралдаан дээр баримттай гурван зүйлийг хэллээ. Нэгдүгээрт, Ч.Хүрэлбаатарын төрсөн хоёр ах болон тухайн үед туслахаар нь ажиллаж байсан н.Дэмбэрэл гэдэг гурван хүний нэр дээр "Хотгор шанага"-ын уурхай байсан. Тус уурхайн 51 хувийг нь зараад гурван сая доллар нь төрсөн хоёр ахынх нь болон туслахынх нь данс руу орсон бүх баримт байгаа гэдгийг хэлсэн. Энэ бол нотолгоотой үнэн зүйл.

Хоёрдугаарт, Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ыг цөөнх байхад Дубайн далд уурхайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулахад Ч.Хүрэлбаатар ахлагч болсон. Дубайн гэрээг шалгахад муу байна гэсэн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтэд Ч.Хүрэлбаатараар гарын үсэг зуруулах гэхэд зугтаад гарын үсгээ зураагүй. Сүүлдээ бид аргаа бараад ажлын хэсгийн гишүүд болох Дэмбэрэл, Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Содбилэг  нарын хүмүүс гарын үсэг зураад өнгөрсөн.

Гуравдугаарт, Энэ парламент Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахад Ч.Хүрэлбаатар намын бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж, эсрэг кноп дарсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн, төрийн мэдэлд шилжүүлэхийг эсэргүүцэж кноп дарсан юм. Энэ гурван баримтыг нь би сая хэлсэн. Эдгээр баримт бүгд уул уурхайн асуудал, уул уурхайн ашиг сонирхолтой холбоотой. Тэр тусмаа уул уурхайн стратегийн том ордуудтой холбоотой асуудал юм. "Хотгор шанага"-ын нүүрсний уурхайг зарах үе буюу 2011 онд Ч.Хүрэлбаатар өөрөө Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлыг хийж байсан. Ийм л бодит зүйлүүдийг би хэлсэн. 

Ерөнхий сайд ямар зарчим барьж заримыг нь буцаадаг, ямар хүмүүсийг нь бэлэн хэд хэдэн зөрчилтэй баримтууд байсаар байхад ингэж улайруулан албан тушаалд томилохоор зүтгүүлээд байгаа юм бэ гэдгийг бас хэллээ. Үүний төлөө сая Ерөнхий сайд над руу дайрч янз бүрийн зүйл ярьж байна. Би улс төрд ороогүй байхдаа казиногоор орж гардаг байсан. Гэхдээ би хууль зөрчөөгүй. Хулгай хийгээгүй" хэмээлээ.