УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнх нь хэвлэл мэдээллийн зөвлөхийг орц руугаа орох үед нь үл мэдэх хүмүүс толгой руу нь төмрөөр цохисон хэрэг гарсан хэмээн цахим хуудсаараа өчигдөр мэдэгдсэн.

Уг асуудлаар өнөөдөр Ж.Мөнхбат гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн бямба гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр Засгийн газар огцор, УИХ тар гэсэн асуудлыг би хөндөж хэлсэн. Миний хэлсэн үг бүхий дүрс бичлэгийг миний хэвлэл мэдээллийн зөвлөх н.Зөнбилэг зарим телевизэд хүргэж өгөхөөр явж байгаад 23 цагийн үед гэртээ орохоор явсан. 25 дугаар эмийн сангийн тэнд гэр нь байдаг бөгөөд орц руугаа ороод шатаар өгсөж байхад нь нэг хүн боож, өөр нэг хүн урдаас төмрөөр толгой, зулай руу нь цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. 

Энэ асуудлыг би өчигдөр өдөр мэдсэн. Утсаар холбогдсон чинь гэмтлийн эмнэлэг дээр явж байна гэсэн. Гэтэл энэ учир байдлаа хэлсэн. Тэгэхээр нь би хүрээд ирээ гэж дуудаад 15.00 цагийн үед уулзсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу яах ёстой вэ гэж ярихад "цагдаад гомдол гарга, тэгээд дүгнэлт гаргасны дараа холбогдох хууль журмын дагуу яв" гэдгийг хэлсэн.

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байгаа. Улмаар өчигдөр орой Шүүхийн шинжилгээний эмнэлэгт шинжлүүлсэн. Удахгүй хариу нь гарах байх.

Энэ асуудлыг би юу гэж бодож байна вэ гэхээр албан тушаал эрх мэдлийн төлөө хийж буй ажил болов уу. Сүүлийн үед "УИХ-ын гишүүн та Засгийн газрыг огцруулахгүй байх ёстой", "огцруулбал хохино шүү" гэсэн утга бүхий заналхийлсэн мэссэж надад болон миний гэр бүлийнхэнд олон ирж байгаа. Утсаар ч олон ярьж байгаа. Үүнийхээ сануулга болгож энэ хэргийг хийсэн болов уу. 

Түүнээс биш зүгээр нэг дээрмийн хэрэг байсан бол магадгүй боож унагаад эд зүйлсийг нь булаагаад зугтах байсан. Гэвч тэгээгүй. Нөгөө 2 хүн нь цохихоор нь манай хүн тийрээд бүгд хойшоо савж унаж орилоон болоход тус давхрын хүмүүс гарч ирснээр 2 хүн нь зугтсан байгаа юм.

Гэтэл намайг өөрөө энэ хэргийг зохион байгуулж, өөрөө зөвлөхийнхөө толгойг хагалж улстөржүүлж байна гэсэн мэдээлэл бас цөөнгүй байна. Надад ийм үйлдэл хийх шаардлага байхгүй. Дээрээс нь улстөрийн амбицийн төлөө зөвлөхийнхөө толгой руу турбагаар цохиод зогсож байх хэмжээний ёс суртахуунтай хүн би биш. 

Энэ хэрэгт хүний алтан амь, эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байна. Үүнийг би магадгүй улстөрийн анхааруулга өгч буй дохио юм болов уу гэж хүлээж авч байна. Уг асуудлыг хурдан хугацаанд цагдаагийн байгууллагаар үнэн зөвөөр нь шийдвэрлүүлж өгөх хүсэлтийг сайд Ц.Нямдоржид тавьсан" хэмээн ярилаа.