Долоодугаар сарын 8 өдөр дэлхийн хамгийн баян хүн Жон Рокфеллерийн мэндэлсний 179 жилийн ой тохиох гэж байна. Тэрээр хамгийн анхны долларын тэрбумтан бөгөөд XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн хамгийн баян хүн байсан аж. Өөрийн их амжилтын нууцыг хөдөлмөрч зан, зарлагын тооцоогоо хөтлөх дадал болон хэмнэх зуршил гэж үздэг байжээ. Заримдаа түүний хашир, арвич хямгач зан дэндүү гэмээр их байсан гэдэг. 

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-2.jpg

Жон Дэвисон Рокфеллер 1839 онд Нью-Йорк мужийн Ричфорд хотод төржээ. Жоны эцэг төрөл бүрийн эликсир, шингэн бэлдмэл, мөнх амьдрал бэлэглэгч ундаа зэргийг зардаг байсан тул өөрийгөө “ботаникийн эмч” гэж нэрлэдэг байсан гэнэ. Харин бусад хүмүүс түүнийг луйварчин гэцгээдэг байжээ. Гэхдээ тэр хүүдээ мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг зааж өгсөн. Жоны дурссанаар: “Аав минь надтай үргэлж л наймаалцаж байдаг сан. Надаар ямар нэгэн зүйл хийлгэж оронд нь мөнгө өгнө. Тэр надад хэрхэн худалдах, худалдаж авах талаар зааж сургасан. Баяжихын анхны ойлголтыг суулгаж өгсөн гэж хэлэхэд болно”.

Долоон настай байхдаа Жон цацагт хяруул өсгөж, зардаг байсан бөгөөд хөршүүдийнхээ төмсийг ухаж өгч мөнгө олдог байжээ. Олсон бүх мөнгөө мөнгөний хайрцгандаа хадгалж, олсон орлогоо тэмдэглэх дэвтэр хөтөлдөг байв. Жон 13 настайдаа нэгэн танил тариачин хүнд жилийн 7,5%-ийн хүүтэйгээр 50 доллар зээлсэн аж. Эцгийнх нь бизнес тогтмол орлого олдоггүй байсан тул ээж нь зургаан хүүхэддээ хэрхэн хэмнэх талаар сургадаг байж. Ж.Рокфеллер: “Би бол хөдөлмөрлө тэгээд хэмнэ гэсэн зарчмаар өссөн хүн” гэж хэлэх их дуртай байсан гэдэг. 

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-4.jpg

Коллежид байхдаа Рокфеллер сургуулиа төгсөлгүй хаячихсан: 3 сарын нягтлангийн сургалт түүнд хангалттай гэж боджээ. 16 настайгаасаа тэрээр нэгэн жижигхэн компанид нягтлангийн туслахаар ажилд орсон бөгөөд энэ ажил түүний хүний дор ажиллаж байсан анхны бөгөөд сүүлийн ажил байсан. Үүний дараа тэрээр хамтрагчтайгаа нийлж хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж “Кларк ба Рочестер” нэртэй будаа, мах, өвс болон бусад бараа зардаг худалдааны төвийг байгуулсан юм.

Удалгүй Ж.Рокфеллер керосин үйлдвэрлэхийн тулд газрын тосны хайгуулын ажил хийх болжээ. Ийнхүү эзнийгээ дэлхийн хамгийн баян хүн болгосон алдарт “Standard Oil” компани анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Рокфеллерийн хамтрагч Морис Кларк: “Жон энэ хорвоо дээр хоёр зүйлд л итгэдэг: баптист номлол болон газрын тос хоёрт” хэмээн хэлсэн гэдэг. Нэлээд их мөнгө олсныхоо дараа Жон бусад газрын тосны компаниудыг худалдаж авч эхлэв. 1880 он гэхэд Рокфеллер Америк дахь газрын тосны олборлолтын 95%-ийг дангаараа эзэмшиж байсан. Түүний монополийг тухайн үед “хамгийн агуу, мэргэн бөгөөд шударга бус” гэж нэрлэцгээдэг байжээ. 

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-5.jpg

Жон Рокфеллер сургуульд сурч байх үедээ танилцсан сүсэгтэн бүсгүйтэй гэрлэсэн юм. Тэдний хурим маш даруухан болж өнгөрсөн ба шинэхэн хос хямдхан түрээсийн байранд нүүн орж, ямар нэгэн туслагч, зарц наргүй амьдарч эхэлжээ. Тухайн үед Жон газрын тос боловсруулдаг үйлдвэрийн эзэн болсон байсан. Рокфеллер өөрийн хүүхдүүдээ өөрөө хэрхэн өссөн яг тэр зарчмаар хүмүүжүүлдэг байсан гэдэг: хэмнэхийг сургаж, өөрсдөө мөнгө олохыг нь дэмждэг байсан. Хүүхдүүд нь харандаагаа үзүүрлэсэн бол, дуу хөгжмийн хичээлдээ явсан бол, чихэр идээгүй бол, мод хагалж, хүлэмжээ усалсан бол мөнгө авдаг байж. Буруу зүйл хийсэн эсвэл өглөөний хоолноосоо хоцрох тоолонд тэднийг торгоно. Рокфеллер хоолонд нэг их дурладаггүй, архи тамхи хэрэглэдэггүй байсан бөгөөд нэг хослолоо байнга өмсдөг, театр, клуб орох дургүй хүн байв. Түүний идэх дуртай зүйл бол сүү, талх. Жоны эхнэр олон нөхөөстэй даашинз өмсдөг, мөн адил их арвич хүн байсан:  Жон хүүхдүүддээ нэг нэг унадаг дугуй авч өгөхийг санал болгоход эхнэр нь 4 хүүхдийн дунд 1 дугуй байхад хангалттай, хуваалцаж сураг гэж хэлсэн гэдэг. 

Жон Рокфеллер 100 сая доллар олж, 100 наслахыг мөрөөдөж байсан. Түүний эхний мөрөөдөл төд удалгүй биелсэн юм. “Standard Oil” компани жилд 3 сая долларын орлоготой ажиллаж байв. Түүнээс гадна Рокфеллер 16 төмөр замын компани, 6 ган хайлуулах үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн 9 компани, 9 банк, апельсин тариалдаг 3 талбайг эзэмшиж байсан. Одоогийн ханшаар бодоход түүний хөрөнгө 310 сая доллартай тэнцэх юм. Бүх юман дээр хэмнэх зуршилтай байсан ч Ж.Рокфеллер буяны үйлсэд асар их хэмжээний хөрөнгө зарцуулжээ: анагаах ухааны судалгаанд хөрөнгө оруулж, их сургууль, музейг ивээн тэтгэж, сүм хийдүүдэд өглөг өргөдөг байв. Рокфеллерийн хоёр дахь мөрөөдөл ч гэсэн бараг биелсэн: тэр 97 насалсан юм. 

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-6.jpg

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-7.jpg

https://kulturologia.ru/files/u19001/John-Davison-Rockefeller-8.jpg