ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Ж.Туяацэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед бүгд л цагаан гурил хэрэглэж байна. Нөгөө талаас бидний хэрэглэх дуртай болоод байгаа бор гурил нэвсэнд бидний мэддэггүй ямар хэрэгтэй агуулагддаг юм бэ?

-Аливаа юм хар цагаантай байдаг шиг хөгжил дэвшлийг дагаад сөрөг зүйлс гарна. Жишээ нь технологи хөгжих тусам бүх зүйлийг цэвэршүүлж, болгодог болчихлоо. Буудайн дээр ярихад хальсанд нь ислэг гэж зүйл агуулагддаг. 

Ислэг гэдэг зүйл хүний биеэс өтгөнтэй хамт гадагшилж чаддаггүй ходоод гэдэсний нугалаа хэсэгт үлдсэн зүйлийг биедээ шингээн зайлуулдаг ач холбогдолтой.

Гэтэл одоо бидний хэрэглэж байгаа дээд зэргийн цагаан гурил бол үүнийг хэт цэвэрлэчихсэн байдаг. Ашигтайг нь аваад хаячихсан гэсэн үг. Дээр үеийн хүмүүс гурил тээрэмдээд дөнгөж хальсан хэсгийг нь л ялгаж бидний мэдэх 2 дугаар гурил л хэрэглэдэг байж. Энэ нь эрүүл мэндэд нь сайн нөлөөтэй байсан нь лавтай. 


-Сүүлийн жилүүдэд Монголчуудын хоол хүнсний хэрэглээ хэр их өөрчлөгдсөн бэ?

-Бидний амьдралын хэв маяг асар хурдан өөрчлөгдөж байна. Бидний ихэнхи нь суурин амьдралд шилжсэн. Гэвч нүүдэлчин соёл иргэншлийнхээ хоол хүнсийг сольж амжихгүй өдий хүрлээ. Харин ч үргэлж морь малтай хөөцөлддөг, маш их энерги зарцуулдаг байсан үеийнхээс ч илүү мах идэж байна. Уг нь эрт дээр үеэс бид махыг 4 улирлын турш биш зөвхөн хүйтний улиралд хэрэглэж ирсэн ард түмэн. Өвөлдөө махаар хооллодог учраас зун намартаа гүүний саам ууж гэдсээ цэвэрлэн, цагаан идээ өрөм, ааруулаа идэж ирсэн. Гэтэл өнөөдөр бид суурин амьдралтай хэрнээ улирлын ялгаагүйгээр бараг өдрийн 3 удаа махан хоол идэж байна.


-Монголчуудын өвчлөлийн шалтгааныг хоол хүнстэй холбон тайлбарладаг. Танд жишээ татах сонирхолтой судалгаа байна уу?

-Гадныхан болон өөрсдийн судлаачдын Монголчуудын эрүүл мэндийн байдалд хийсэн дүн шинжилгээг үзэхэд богино наслаж байгаа гол гурван шалтгааныг дурьдсан байдаг. Үүний нэгдүгээрт зөв зохистой хөдөлгөөн хийдэггүй нь нөлөөлжээ. Дараа нь зөв хооллолтын асуудал мөн осол эндэгдлийг дурьдсан байдаг. Тэгэхээр хөдөлгөөн хоол 2 яах аргагүй бидний анхаарах асуудал болчихсон нь харагдаж байгаа биз. Одоо бид суурин газар амьдарч байна, бараг хөдөлгөөнгүй шахам. Гэтэл өмнө нь бие засахын тулд 50-аас дээш метр газар алхаж байж гэртээ орж ирдэг, гэрийн эзэгтэй гэхэд үнсээ асгахын тулд дор хаяж 100-200 метр алхдаг байжээ. 


-Монголчуудын хоол хүнсний боловсрол ямар түвшинд байна вэ?

-Ерөнхийдөө муу гэж дүгнэж болно. Нэг үеэ бодвол Монголчууд гадагшаа дотогшоо явж хоол хүнсний талаар мэдлэгтэй болж байна. Гэвч зарим нэгэн зүйлийг ялгаж салгаж чадахгүй л байна.  Жишээ нь 

Жингээ хаяхын тулд өдөрт 6-аас дээш литр ус уух ёстой бас цагаан гурил огт хэрэглэж болохгүй гэдэг. Үүнд итгэж дагаж байгаа хүмүүс цөөнгүй байна. Энэ бол маш буруу ойлголт.

Хүн болгонд өдөр болгон хоол хүнс идэх норм хэмжээ гэж бий. Гол нь өөрт тохирох норм хэмжээгээ мэддэг байх нь чухал. Хүн өдөр тутамдаа эрүүл байхын тулд л хоол иддэг. Хоолонд уураг, амин дэм, тос, уураг, нүүрс ус зэрэг 5 үндсэн хэрэгцээт зүйл бий. Дутагдвал эмгэг үүснэ, илүүдвэл бас сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв хэрэгтэй гээд байнга витамин уувал эрхтэн систем мөн л доголдоно гэдгийг мэддэг байх нь чухал.


-Сүүлийн үед эрүүл хооллолт, мацаг, тураах жор гэж их ярих болсон. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Зарим хүмүүс мэддэггүй юмаа мэддэг юм шиг ярьж олныг төөрөгдүүлээд байна. Магадгүй тухайн хүний биеийн онцлогт тохирсон байж болно. Гэхдээ хүн болгоны бие эрхтэн тогтолцоо өөр гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Ханиадны эм гэхэд нэг хүнд таарч байхад нөгөө хүнд сайн үйлчилдэггүй шүү дээ. Энэ бол тухайн хүний бие организм, дархлаагаас шалтгаалж байгаа хэрэг.

Сүүлийн үед ялангуяа ирээдүйн монголын иргэнийг төрүүлж өсгөх эхчүүд гоё сайхан харагдахын тулд шим тэжээлийн дутагдалд орж мацаг барина гэж туйлшраад байгаа нь харамсалтай санагддаг.


-Урдаас орж ирж байгаа хүнсний ногоо пестицид ихтэй гэдэг. Тэгвэл эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооноос энэ төрлийн бодис илэрдэг үү?

-Пестицид гэдэг бол тухайн ногоогоо илүү сайн ургуулж, хортон шавьжаас хамгаалж буй химийн бодис. Үүнийг буруу хэрэглэснээс болоод ургуулсан ногоондоо нөлөөлж найрлага бүтцэд нь хадгалагдаж үлддэг. Мэдээж химийн бодис учраас хоолоор дамжаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хэдэн жилийн өмнө бид шинэ ногоо худалддаг намрын үзэсгэлэнгийн үеэр түүврийн аргаар сонголт хийж пестицидийн үлдэгдлийг шалгаж үзсэн. 

Шинжилгээгээр манайд тарьсан цөөн хэдэн ногооноос Хятадаас орж ирдэг төмс, хүнсний ногооноос ч илүү их пестицид илэрч байсан тохиолдол бий. Бид нийгэмд шуугиан таригчид биш. Угаасаа хэдхэн төмсөөс илэрсэн гэдэг нь Монголын бүх хүнсний ногоо пестицидтэй гэсэг үг ч биш. Тийм учраас үзэсгэлэн зохион байгуулж буй хүмүүст хэлж сануулсан. Мэдээж хүнсний ногоо тарьж байгаа хүмүүст хүнд хортой зүйл хийе гэж бодохгүй. Гол дутагдаж байгаа зүйл бол газар тариалан эрхлэгчдийн мэдлэг мэдээлэл. Ногоочин хүн бүхэн агорномич биш шүү дээ. Үүний дагуу бид ХХААХҮЯ-тай ярьж байгаад дараа жилийнх нь ногоо тарилтаас өмнө ногоочдыг сургалт явуулсан. Ингээд дараа жилийн ургацыг шинжилж үзэхэд хэвийн болсон байсан. 


-Монголчуудын хоол хүнсээ хадгалах арга барил бас нэлээн өөрчлөгдсөн. Энэ нь эрүүл мэндэд нөлөөлж болох уу?

-Бид махаа шуудайнд, гялгар уутанд хийж хадгалж байна. Дээр үед махаа гүзээнд, өрөм шар тосоо олгойнд хийж хадгалдаг байсан нь учиртай. Учир нь гүзээ гэдэг өөрөө малын гаралтай уут сав юм. Тийм учраас хадгалж байгаа зүйлийнхээ шинж чанарт тохирдог. Агаарын орчин , хүчилтөрөгчийн солилцоо явагддаг учраас мууддаггүй шим тэжээл нь алдагдахгүй хадгалагддаг байжээ. 

-Импортын баталгаагүй ногоо идсэнээс махаа идэхийг зөвлөдөг. Учир нь манай монгол орны мал 100-аас дээш төрлийн өвс ногоо иддэг гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй болжээ. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд юу гэж зөвлөх вэ?

-Сүүлийн үед олны танил хүмүүс иймэрхүү мэдээлэл өгөх нь ихэссэн. Энэ бол маш буруу ойлголт. Магадгүй тухайн хүн хоол хүнсний талаар мэдлэггүй бол заавал ярих хэрэггүй, дуугүй л байсан дээр болов уу. Би гэхэд зүрхний өвчтэй хүнд зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ. Жишээ нь мацаг гэдэг бодисын солилцоонд өөр нөлөө үзүүлдэг, уламжлалт анагаах ухаанд нэлээн яригддаг зүйл. Магадгүй тухайн хүний хоол хүнсэнд хориг тавьж байж бодисын солилцоонд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж эмчилнэ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хүн болгонд турахын тулд дор хаяж 5 хоног мацаг барь гэж зөвлөх нь буруу зүйл юм. Магадгүй тухайн хүн сар мацаг бариад эдгэрсэн байж болно. Гэтэл хүн болгоны бие махбоди адилгүй шүү дээ. Эртнээс Монголчууд хий, бадгана, шарын шинжийн хүн гэж ярьж ирсэн нь учиртай. Бадгана шинжийн хүн гэхэд өл сайн даадаг, тамир тэнхээтэй байдаг. Харин хий шинжтэй хүн өдрийн талд л шингэн юм уухгүй бол толгой нь эргээд нүдэн дээр сульдчихдаг. 

Хүн болгонд хавдрын эс байдаг. Хэрэв хэт ядарч, дархлаа нь сулраад эхэлбэл тэрхүү хавдрын эс идэвжиж болно. 

Эсвэл идэж буй хоол хүнснийх нь нөлөөгөөр энэ яваа насанд нь тусахгүй ч байж болох өвчин эрт илэрч мэднэ. Гол нь хүн болгон тэрхүү сурталчилгаа явуулж буй эсвэл тэрхүү аргыг туршаад эдгэсэн хүн шиг биш гэдгийг л иргэд ойлгох хэрэгтэй байгаа юм. 

-Бид сайн гэсэн хүнсийг чадах чадахаараа худалдан авч хэрэглэж байна. Үүний ард учирч буй сөрөг нөлөөг дурьдвал?

-Сайн юм гэнэ лээ гээд нэгэндээ дуулгадаг, тэр мэдээлэл нь эргээд хор уршиг болох тохиолдол цөөнгүй байна. Саяхан танилаасаа үүнтэй холбоотой зүйл сонслоо. Эмэгтэй хүний биед сайн гэхээр анар жимсний бэлдмэл хэдэн жил уужээ. Гэтэл сарын тэмдэг нь гэнэт их хэмжээгээр ирсэн байдаг. Эмнэлэгт үзүүлэхэд тэрхүү бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэсэн нь саван дахь ургацагуудыг нь томорч хавдрын зэрэгт хүргэсэн байгаа юм.  Сайн гэсэн болгоныг хэрэглэхийн сөрөг нөлөөний нэг энэ.