Америкийн дуучин, жүжигчин Хилари Дафф хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа хүүхдийнхээ ихэсийг хэрэглэсэн гэдгээ People сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 

Хүүхдээ төрснөөс хойш 10 хоногийн дараа ихэсийг коктэйлд хийн хэрэглэсэн байна. Ихэс нь хүүхдийг хүчилтөрөгчөөр ханган, шим тэжээл дамжуулдаг эрхтэн юм. Тэрээр “миний урьд өмнө ууж үзээгүй, хамгийн амттай ундаа байсан” хэмээн ярьжээ.

 

Тус сэтгүүлийн мэдээлснээр Хилари Дафф нь ихэсээ хэрэглэсэн цорын ганц од биш бөгөөд өмнө нь Ким Кардашиан, Крисси Тейген зэрэг бусад алдартнууд хэрэглэсэн тухайгаа ам алдсан байна.

Ихэс хэрэглэснээр цус алдалтыг нөхөж, сүүний гарцыг сайжруулж, төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл санааг сайжруулах зэрэгт эерэгээр нөлөөлдөг гэж Америкийн эрүүл мэндийн сэтгүүлд бичсэн ч зарим нь энэ талаар эсрэг байр суурьтай байгаа аж. Америкт ихэсийн хэрэглээ нэмэгдсэн ч гэсэн шинжээчдийн хэлснээр энэ талын батлагдсан судалгаа байхгүй гэсэн байна. 

Ихэнх сүүн тэжээлтэн амьтан ихэсээ иддэг ч гэсэн энэ нь хүнд сайн гэсэн үг биш хэмээн Америкийн эмэгтэйчүүдийн эмч, доктор Жен Хантер хэлжээ. Ихэст хортой бодис агуулагдаж байж болзошгүйгээс гадна их хэмжээний гормоны агууламж байдаг. Тийм учраас эх ихэсийг идсэнээр энэхүү дааврыг шингээх боломжтой эсэхийг нотлоогүй. Мөн хүний биед сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм хэмээн тайлбарлажээ.