Манай улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд чанар болоод онцлог загвараараа гадны нэртэй брэндүүдээс дутахааргүй болжээ. Жуулчдын гайхширал, бахдалыг төрүүлж олон улсад өрсөлдөхүйц брэндүүд ар араасаа төрөн гарсаар буй нь сүүлийн жилүүдэд улам бүр хүчээ авч буй юм. Тиймээс бид энэ удаа орчин цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлж, Монгол хүний ур ухаанаар урлан жуулчдын сонирхлыг ихэд татаж буй Монголын 5 брэндийг онцолж байна. 


Gobi cashmere

“Говь” ХК нь дэлхийд танигдсан анхны  Монгол брэндүүдийн нэг. Тиймдээ ч үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт эрчимжүүлэн хөгжүүлж, Монгол болон гадаадын зах зээлд "Говь" брэндийг таниулж, орчин үеийн технологид тулгуурласан үйлдвэрлэл, дизайны өвөрмөц шийдлээрээ тэргүүлэгч болж чадсан. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан "Говь" брэндийн үндсэн коллекц аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг илэрхийлдэг.  "Говь" ХК-ийн 2018 оны наадмын гоёлын коллекцоос та бүхэнд танилцуулж байна. 

Домог амилах цаг биеллээ олж, жигүүртний хаан Хангарьд, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, амьд бурхдын уран нарийн хөдөлгөөн даян дэлхийг ариусгана. Хүслээ шивнэх аваас сайн сайхан дэлгэрч, өв соёлын гайхамшигт түүх Наадмын загвартай хосолж, дуурсагдана.



"Tavan nuden" гангар шаазан аяга

Монгол угсаатны соёлын өв, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж буй Монгол брэнд бол "Таван нүдэн" брэнд юм. Байгуулагдсан цагаасаа Монголын өв, соёл шингэсэн олон төрлийн хутгыг зах зээлд танилцуулан олны анхаарлыг татаж чадсан. 

Тэдний энгийн хэрнээ чамин, уламжлалт монгол загвартай бүтээлүүд жуулчдыг ёстой л алмайруулж байна. 

"Таван нүдэн" брэндийн 13 дугаар зуунд хамаарах хүрэл цутгамал аяга: 2011 онд археологич профессор Д.Эрдэнэбаатарын археологийн багийнхны Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгаас илрүүлсэн эртний олдвоос санаа авч цайны шаазан аяга худалдаанд гаргажээ. "Таван нүдэн" брэндийн ясан шаазан нь Монголчуудын эрт цагаас хэрэглээндээ ашиглаж ирсэн тагшан хэлбэртэй аягыг анх удаа шаазангаар хийснээрээ онцлог. "Таван нүдэн" брэндийн дизайнеруудын загвар, зургаар Дэлхий дахинаа ясан шаазангийн төв гэгддэг Таншань хотноо үйлдвэрлэгдсэн өндөр чанартай ясан шаазан юм.

  • Зориулалт: Цайны шаазан аяга
  • Хэмжээ: Амсрын тойргийн хэмжээ - 12 см
  • Өндөр - 4.7 см 
  • Багтаамж: Бага дүүрэн (180 гр шингэн)
  • Жин: 160 гр
  • Дизайн: Таван нүдэн брэнд
  • Үйлдвэрлэгч: Шаазан улс, Гангар шаазангийн төв, Таншань хот

Үнэ:

  • 9 ширхэгтэй багц - 150'000₮
  • 6 ширхэгтэй багц - 105'000₮


"Shiguderi" тансаг зэрэглэлийн сүүн сархад

"Гум" компани цагаан сарын үеэр "Шигүдэри" органик сүүн сархдаараа олон нийтэд шуугиан тарьсан. Үнэ цэнэ, чанар чансаа шингэсэн, олон жилийн үр шимийг хэрэглэгч хэдийнээ ойлгож, "Шигүдэри" брэнд зах зээлд өөрийн байр сууриа олжээ. "Шигүдэри" сүүн сархад нь 4-5 одтой зочид буудлууд, тансаг зэрэглэлийн зоогийн газрууд болон дотоодын бүхий л сүлжээ дэлгүүдүүдээр дамжуулан худалдаалагддаг байна. Саяхан болсон БНХАУ-ын “14 дэх удаагийн импорт, экспортын бүтээгдэхүүний экспод” амжилттай оролцоод ирсэн “ГУМ” компани удахгүй БНХАУ, Солонгос, Япон бусад орнуудад Монгол үндэстний уламжлалт "Шигүдэри" сүүн сархдыг албан ёсоор экспортлохоор болжээ. "Шигүдэри" сүүн сархад нь хатуулаг бага, дусал ч хэрэглээний ус ороогүй органик бүтээгдэхүүн бөгөөд брэндийн өнгө төрх, хэлбэр хийц нь хүртэл жуулчдад таалагдан нутаг буцахдаа нэлээдгүй сонирхон авч явдаг байна. "ГУМ" компани нь 13 дугаар зууны үеийн Монголчуудын хэрэглэж байсан сархдын аяга, гүцний эртний олдвороос санаа авч үйлдвэрлэсэн аяга хэрэгслүүдээ тансаг зэрэглэлийн зоогийн газруудад нийлүүлж, Монгол соёл, зан заншлийг давхар сурталчилан таниулж байна. Үнэ: 84000₮ (1.5л)



Monalun

"Monalun" брэндийг 2008 онд үүсгэн байгуулсан бөгөөд 2015 он хүртэл тусгай загвар захиалгын урлан байжээ. Тус оноос хойш захиалгаас гадна жилд хоёр коллекци гаргаж эхэлсэн байна. Тэд ямар нэг зүйлд баригдалгүй, коллекци бүрээ тусгай сэдвээр гаргадгаараа онцлог. 2017-2018 оны намар, өвлийн коллекцийн сэдэв нь гэхэд л хүчирхэг, ажил хэрэгч эмэгтэйг харуулсан гэнэ. "Monalun" брэнд нь бүсгүйчүүд өдөр тутамдаа өмсөөд өөртөө итгэлтэй, нүүр бардам явахад зориулан хувцасуудаа урладаг. 

Тус брэндийг үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл хувьсах чанартай хувцас хийхийг эрмэлздэг. Тухайлбал, өдөр нь ажилдаа өмсөөд, орой нь зүүлт зүүгээд л сайхан харагдах боломжтой даашинз байж болно. Содон шийдэл бүхий хувцас, загварыг урлан бүтээдэг "Monalun" брэнд өчигдөр "Silk Road 2018" загварын үдэшлэгээ "Богд хааны ордон музей"-д амжилттай зохион байгууллаа.

Үнэ: ₮2,500,000-3,500,000


Lhamour 

Монголынхоо байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан чанартай, баталгаатай, хүний арьсанд тэжээл өгөх, өвөрмөц, шинэлэг гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж буй брэнд бол "Lhamour" юм. Тэд Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдгээрээ онцлог. Тус брэндийн ургамлын тосыг хонины сүүлтэй, чацарганы тосыг жамц давстай хольж гаргасан бүтээгдэхүүн өмнө нь байгаагүй. Эдгээрийн нэлээд нь ямар ч өвчтэй, харшилтай, ямар ч насны хүмүүст таардаг бөгөөд гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүнүүд гэж ойлгож болно.