МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар "Стартап Монголиа" ТББ-ын хамтран зохион байгуулдаг "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" болж байна. Чуулганы үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дундын оффисуудын үзэсгэлэн болсон юм. Энэ үеэр “SMS-Startup Marketing Space” төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяатай ярилцлаа.

-Монголд дундын оффис хөгжиж байна. Танайх бусдаасаа юугаараа онцлог вэ?

-Монголын үндэсний маркетингийн холбоо энэ төслийг санаачилсан. Тухайн үед сoworking space  буюу дундын оффисын талаар ойлголтгүй байсан.  Залуучуудад зориулсан арга арга хэмжээ зохион байгуулахад хурлын танхим, кофе шоп гээд хэрэгтэй зүйлс нэг дор газар байгуулахаар зорьсон. Бид ажиллаж эхлээд гурван сар болж байна.

-Энэ удаагийн Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганаар дундын оффис эрхлэгчид өрсөлдөх гэхээсээ илүүтэй хамтран ажиллах үе ирчихсэн гэж ярьж байсан. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Бидний эрхэлж буй бизнес шинэ. Тийм учраас нэгэнтэйгээ өрсөлдөхөөсөө илүүтэй гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэхийн тулд тал талаасаа хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мэдээж дангаараа биш хамтраад хийвэл цаг хугацаа, мөнгө, хүний нөөц гээд бүх зүйлийг хэмнэх давуу талтай. Энэ чиглэлээр Стартап Монголиа ТББ орон нутагт төвөө байгуулчихвал бид ч бас хамтраад  21 аймагт дундын оффисынхоо салбарыг нээж болно. Энэ удаагийн чуулганаар иймэрхүү хамтын санал санаачилга гарч байгаад баяртай байгаа. 

-Хүмүүст дундын оффисыг яаж илүү ойртуулж, ойлгуулдаг вэ?

-Монголчуудын онцлог нь аливаа зүйлийг өмчлөх дуртай юм байна. Тиймээс бид энэ ойлголтыг бага багаар дасгахын тулд 6-9 м хоёр хүний оффис өрөө түрээслүүлдэг. Хамгийн түрүүнд эзэнтэй болсон шүү. Дундын оффисыг би том хүний цэцэрлэг гэж хэлэх дуртай. Гарааны бизнес эрхлэгчид тав тухтай орчинд санаагаа боловсруулаад хамтдаа хөгжих хамгийн таатай боломж энд бий. Зарим нь хоорондоо танилцаад хамтраад төсөл хэрэгжүүлээд явж байна.

-Сард хэдэн үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Сард 4-8 арга хэмжээ төлөвлөдөг. Бас гишүүддээ хандаж сургалт байнга зохион байгуулна. Манай дээр одоогоор 40 хувь хүн, 20 компани суурьшин ажиллаж байна.