Дуучин Камила Кабелло, Шон Мендес нар шинэхэн хайр дурлалаа яг ч нууж, үгүйсгээгүй байсан. Харин өнгөрсөн баасан гарагт Бруклины Барклис ордны тайзнаа хийсэн Мендесийн тоглолтын үеэр албан ёсоор “In a relationship” хийх шиг болов. Мендес гараараа Кабеллог зааж, түүнд зориулж дуу дуулсан бол Кабелло дуулж, бүжиглээд л найз залуугаа хамгийн ихээр дэмжиж байлаа. 

Тодруулбал, “Fallin’ All in You” нэртэй шинэ дууныхаа төгсгөлд “Үүнийг “mami”-даа зориулж байна” хэмээгээд Кабеллог заасан ажээ. Тэнд байсан эх сурвалж “Кабелло нэг эрэгтэй найзтайгаа хамт тайзны урд хэсэгт зассан тусгай хэсэгт байсан. Тэр Мендесийн бугуйвчнуудын нэгийг зүүчихсэн байсан нь харанхуйд гэрэлтсэн. Мендес шинэ дуугаа дуулахад нь Кабилло өвдөг дээрээ сөхөрч дуусахад нь яг л хамгийн үнэнч шүтэн бишрэгч шиг орилж, үсрээд хайртай гэдэг нь үнэхээр илэрхий байна билээ. Мендес ч Камила руу л ширтсээр байсан.” хэмээн E! Online-д ярьжээ. 

Мендесийг аялан тоглолтоор явахад нь Кабелло хамтарч Майами дахь тоглолтод ээж, аав, охин дүүгээ авч очсон гэнэ. Өнөөдөр болж буй MTV-гийн VMA шагнал гардуулах ёслолд тэд “Senorita” дуугаа хамт дуулах билээ. Энэхүү дуу гарснаас хойш тэднийг романс үүсгэсэн гэх яриа гарсан юм.