БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр өнгөрсөн 12 дугаар сард Ванкувер хотоос баривчилснаас хойш Канадын 13 иргэн БНХАУ-д баривчлагдсан гэж Канадын Засгийн газраас мэдээлэв.

Засгийн газрын мэдэгдэлд, тэдгээр 13 иргэнээс наад зах нь найм нь суллагдсан хэмээгээд, ямар буруу үйлдэл гаргасныг нь олон нийтэд зарлаагүй байна. Баривчлан саатуулагдсан иргэдээс гурван хүний мэдээллийг л олон нийтэд дэлгэсэн билээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Канадын хууль сахиулагчид Мэн Ваньжоуг баривчилснаас хойш Канад-БНХАУ-ын харилцаа хурцдаж эхэлсэн юм.

“Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охиныг баривчилсан явдал болон Канадын иргэдийг БНХАУ-д баривчилсан нь ямар нэг холбоо хамааралгүй гэж Канадын Засгийн газраас удаа дараа мэдэгдэж байсан юм.

Харин Бээжин дэх Өрнөдийн орнуудын дипломатчид болон Канадын дипломатч асан хүмүүсийн хэлснээр, дээрх баривчилгаанууд нь өөр хоорондоо холбоотой ба Хятадын зүгээс хариу арга хэмжээ авч буй хэрэг хэмээн таамаглаж байгаа ажээ.

Баривчлагдсан 13 иргэний дунд дипломатч асан Майкл Ковриг, бизнес эрхлэгч Майкл Спавор болон багш Сара Макивер нар багтаж байгаа бөгөөд бусад хүмүүсийн талаархи мэдээллийг Засгийн газраас өгөөгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг