Канад улсын “Лесли Глобал Спортс” клубийн Нэйт Лесли тэргүүтэй дасгалжуулагчид Монголд хүрэлцэн ирж хоккейчид, дасгалжуулагчид, хоккей сонирхогч хүүхдүүдэд мөсөн талбайд сургалт хийлээ.

“Бласт” ХХК-ийн мөсөн талбайд болж буй уг сургалт энэ сарын 16-19-нд болох Канад улсын Элчин сайдын яамнаас санаачлан Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд зохиож буй “Монгол дахь Хоккейн өдрүүд” арга хэмжээний нэг хэсэг юм. Бласт, Хөх чононууд зэрэг клубын 50 гаруй тамирчид өнөөдөр иржээ.

Монгол залуусын хоккейн сонирхлыг дэмжих зорилгоор тус сургалтыг зохиож буй Канад улсын элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо болон Канад Монголын зарим аж ахуйн нэгжүүд хамтран Канад улсад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ. Хандиваар цугласан хувцас хэрэгслийг Монголын хоккейн холбоо хоккейн баг, холбоо, тамирчдад тарааж эхлээд байгаа юм.

Өнөөдөр сургалт явуулж, Канад Монголын хамтарсан дасгалжуулагчдын баг маргааш Баянгол дүүргийн 6-р сургуульд Монгол Канадын хоккейчдын нөхөрсөг тоглолт хийнэ. Мөн тухайн өдрөө Орхон аймагт сургалтаа үргэлжлүүлэх юм байна.