Энэ долоо хоногт болсон Каннын кино наадамд оролцсон "Малифисант" киноны од, жүжигчин Элле Фаннинг гоо үзэсгэлэнтэй харагдахын тулд маш их чармайлт гаргажээ. Гэвч тэрээр хэт бариу даашинз өмссөнөөс болж, хэсэг хугацаанд ухаан алджээ. 

Холливудын жүжигчин тэрээр Францын зохион байгуулсан шоу бизнесийн үдэшлэгт оролцож байхдаа сандалнаасаа унан хүмүүсийг цочирдуулсан байна. Үдэшлэгийн өмнө 21 настай Элле Фаннинг "Прада" брэндийн бэлхүүс барьсан пром даашинзыг өмсөхийн тулд нилээдгүй тэвчээр гаргажээ. Гэсэн ч хэт бариу даашинз өмссөн тэрээр өнгөрсөн даваа гарагийн орой болсон “Chopard Trophée Dinner Party”-ны үеэр ухаан алдсан унасан нь ил болсон юм.

Өрөөнд цугласан олон юу болсныг анзаараагүй ч түр завсарлагааны үеэр түүнийг ухаан алдсан тухай яриа хоромхон зуур тархсан байна. Гэсэн ч тэрээр үдэшлэг өндөрлөхөөс өмнө хэвийн байдалдаа оржээ.

Тэрээр инстаграмаар дамжуулан фенүүддээ ухаан алдсан нь үнэн болохыг баталсан ба биеийн байдал нь зүгээр байгаа талаар мэдэгджээ. “1950 оны Прада даашинз хэт бариу байснаас ухаан алдах тарниар тарнидуулсан ч бүх зүйл зүгээр” хэмээн хошигносон байна.

Элле Фаннинг уг арга хэмжээний үеэр "Малифисант 2" киногоо сурталчилаад завгүй байсан бөгөөд уг киноны гол дүрд Анжелина Жоли тогложээ.