Каспийн тэнгисийн эрхзүйн байдлын тухай Конвенцид ОХУ, Азербайжан, Иран, Казахстан, Туркменистан гэсэн 5 улсын удирдагчид гарын үсэг зурсан нь түүхэн шийдвэр мөн гэж Бельгийн Premiere  радиостанц дүгнэжээ.
 
Конвенцийг боловсруулах ажил 20 гаруй жил үргэлжилсэн юм.  Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев уг Конвенцийг “бүс нутгийн аюулгүй байдлын баталгаа болох ёстой Каспийн тэнгисийн Үндсэн хууль” гэж нэрлэжээ.
 
Premiere радиостанцийн тайлбарт “20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа түүхэн шийдвэрийг гаргалаа” гэсэн байна.
 
Конвенцид зааснаар, Каспийн тэнгисийн усны гадаргуун үндсэн талбай нь талуудын нийтийн эзэмшилд байх бол тэнгисийн гүн болон газрын хэвлийн баялгийг хөрш орнууд олон улсын гэрээний дагуу хэсэгчлэн хуваахаар тохиролцжээ.
 
Тэнгисийн усан тээвэр, загасчлал, судалгаа шинжилгээний ажлууд, хоолой тавих зэрэг үйл ажиллагааг талуудын харилцан тохиролцсон дүрэм журмын дагуу гүйцэтгэх аж. Томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхдээ экологийн хүчин зүйлүүдийг харгалзан үзэх юм. Конценцид зааснаар, бүс нутгийн бус орнуудын зэвсэгт хүчнийг Каспийн тэнгист нэвтрүүлэхгүй аж. Каспийн тэнгисийн 5 улс тэнгисийн аюулгүй байдал хангаж, түүний нөөц баялгийг ашиглах эрхтэй.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг