Уржигдар NBA-д “Солонгос” савангийн дуурь лугаа адил зүйл боллоо. Гол дүр нь Кавай Леонард. Дахин Грэг Поповичийн удирдлагад тоглох хүсэлгүй байгаагаа илэрхийлээд байсан Кавай Леонардыг баг нь Торонто руу Дэнни Грийний хамт явуулж орхих нь тэр. Лигийн хамгийн шилдэг 5 тоглогчийн нэгт зүй ёсоор тооцогдох шилдэг хамгаалан тоглогчийн хошой шагналт, шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч Кавай Леонардын төлөө Торонто Рэпторс ДэМар ДэРөүзэн болон Якоб Поэлтл нарыг өгсөн юм.

Ахлах дасгалжуулагчаа халснаар бүтцийн хувьд шинэчлэлт хийхээр зорьж буй нь ойлгомжтой байсан Торонто Рэпторсын хувьд энэ нүүдэл маш эрсдэлтэй гэж хөгжөөн дэмжигчид үзэж байгаа. Тэгвэл “B/R” сайт харин тэгж үзсэнгүй.

Уг ярианы эхэнд очвол түрүү жил багийн удирдлага болох Масай Ужири, Бобби Уэбстэр болон гурван ч дасгалжуулагч нар оролцсон хуралд ДэМар ДэРөүзэн орсон байна. Уг хурлын үеэр өөрийгөө солигдох нь л гэж бодож байсан аж. Харин тус хурлын үеэр Кайл Лаури тэр хоёрыг дахиж нэгийн эсрэг нэг тоглолт хийхгүй, дундаас шидэхгүй, мөн багийнхантайгаа бөмбөгөө хуваалцаж тоглохыг удирдлагуудын зүгээс шаарджээ. Энэ нь ч өнгөрөгч улиралд харагдсан. Фантази тоглодог хүмүүс бол ДэРөүзэний гурвын шидэлтийн тоо нэмэгдэж, ашигтай дамжуулалтын тоо өссөнийг улирлын турш л анзаарсан. Үүнийг би ч өөрөө батална.

Харамсалтай нь плэй оффт дахин нэг удаа ЛэБрон Жэймс болон түүний багт хожигдсон. Бүр шүүрдүүлж орхисон. Иймээс дорвитой шинэчлэл хийх ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой болж эхэлсэн. Харин энэ үед баг нь дорнод бүс рүү явуулах сонирхолтой байгаа лигийн хамгийн шилдэг жижиг довтлогчдын нэг зах зээлд гарч ирсэн. Харин үр дүнд нь “эрсдэлтэй” гэгдээд байгаа уг наймаа явагдаад байна.

Кавайг нэг бүх одод тоглогчоор сольсон нь наймааны хувьд маш сайн наймаа болсон. Харин Кавай өөрийн унаган хот болох Л.А-д дараа жил тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа нь л асуудлын гол. Уг нь НБА-д байдаг Канадын цорын ганц багийн ирээдүй болох боломж мань эрд байна. Дараа жил гэрээгээ Торонтотой сунгавал 5 жилийн 190 сая ам.доллар авах боломжтой. Харин Лэйкэрст очвол 4 жилийн 141 сая ам.доллар авна. Санхүүгийн хувьд Торонтод үлдвэл илүү ашигтай. Канад даяараа түүний өмсгөлийг худалдаж авахаас эхлээд зах зээлийн хувьд нэмэлт ашиг олоход таатай боломж. Гэвч мань эр өөрөө Л.А руу явахыг хүсэх аваас…

Тэгвэл энэ тохиолдолд ч Рэпторсын алхам хамгийн зөв гэнэ. Учир нь түүнийг талбай дээр гараагүй байхад ч ирэх нэг жилийн турш багийн удирдлагууд түүнийг гэрээгээ сунгахыг тал бүрээс нь ятгана. Явна гэж байгаад сунгадаг жишээг бид Пол Жоржоос харсан. Бас л Л.А руу явна гэж байсан. Одоо харин ойрын ирээдүйд ОКС-д тоглохоор болчихоод байгаа шүү дээ. Харин дараагийн нэг жилийн хугацаанд түүнийг ятгаад ятгаад барахгүй бол багаа сэргээн босгох үйл ажиллагаагаа дорвитой эхлүүлэх сонголттой үлдэнэ. Энэ тохиолдолд ч тэдэнд л ашигтай. Тэртээ тэргүй ДэРөүзэнтэй байхад төдийлөн амжилт олохгүй гэдэг нь нийтэд илт байлаа.

Энэ талаар НБА-ын дорнод бүсийн менежэр “Масай Ужиригийн хувьд төдийлөн эрсдэлтэй алхам биш. Богино хугацаанд хожлын тоогоо нэмэх сайхан боломж. Хэрвээ энэ бүхэн амжилт олохгүй бол сэргээн босголтдоо ханцуй шамлаад орчихно. Тэр энэ бүхнийг хэдийнэ тооцоолчихсон байгаа” хэмээн B/R сайтад ярьжээ.



Эх сурвалж: SPS