Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүндэтгэн хүлээж авч, Монголынхоо нийт казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ.

Баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалтын бахархалт түүхийг бүтээсэн төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, азай буурал Аксакалуудынхаа амар мэндийг айлтгая” гэлээ.

Түүнчлэн бид Монгол гэдэг нэгэн гэр бүлийн гишүүд. Тиймээс Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө эвийн хүчийг нийлүүлэн, эрдэм ухаанаа нэгтгэн ажиллаж, их амжилтад хүрнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Монголын казахуудын олонхи нь амьдран суудаг Баян-Өлгий аймагт ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, нийгмийн хамгааллын зохистой бодлогыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ казахчуудын эх хэлээрээ сурах, мэдээлэл авах, шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх зэрэг эрхийг хангах бодлогоо Монголын төр, засаг тууштай хэрэгжүүлсээр байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилга, хүсэлтийн дагуу энэ онд баруун бүсийн босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км замыг ашиглалтад оруулах, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн замыг дуусгах, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс-Монгол” компанид шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасныг тэмдэглээд, төр, засгаас хэрэгжүүлж буй эдгээр болон бусад томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээ баруун бүс нутгийн ард иргэд, түүний дотор казах түмний амьжиргааг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал түлхэц болно гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, гавьяат эдийн засагч Х.Баделхан, Зам тээврийн сайд асан, гавьяат тээвэрчин Р.Сандалхан, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Т.Солтан, гавьяат багш Ж.Хазира, гавьяат тамирчин, улсын харцага О.Бахыт, гавьяат барилгачин Б.Мадет, үйлчилгээний гавьяат ажилтан Х.Хайсанай, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Халипа, Хууль сахиулахын их сургуулийн доктор, профессор, хурандаа А.Муратхан, МУИС-ийн багш, профессор Б.Алтынгул, өндөр настан Т.Жавартай, бизнесмэн Х.Смайл, сэтгүүлч Х.Досан нарын зэрэг хүмүүс оролцов.

Зочдыг төлөөлж үг хэлсэн хүмүүс үндэсний баярыг нь тохиолдуулан хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, та бүхний сахилга хариуцлагыг бэхжүүлж, шударга ёсыг тогтоох чиглэлээр хийж буй шинэчлэлийн зорилт, үйл ажиллагааг бид ямагт дэмжих болно. Түүнчлэн УИХ-аар улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн чухал хуулиудыг хэлэлцэн баталж байгаад баяртай байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд зочид УИХ-ын дарга Г.Занданшатарт казах түмний дээдлэн хүндэлж, хоймортоо залдаг домбор хөгжмийг дурсгал болгон хадгалууллаа.