Хүүхдүүдийн тоглох дуртай цагаан цасны оронд нүүрс шиг хар цас орсон нь хүмүүсийг гайхшруулсан. Гэвч агаарын бохирдлоос болсон нь төд удалгүй тодорхой болж хүмүүс эрүүл мэнддээ санаа зовж, Засгийн газраас шалтгааныг нь нарийн тогтоож, арга хэмжээ авахыг олон нийтийн сүлжээгээр шаардсан байна. 

Тэд “Бид ингэж амьдарч чадахгүй. Бид тарчилж байна” зэргээр үзэл бодлоо илэрхийлжээ. Бие даасан экологчид болон Засгийн газрын шинжээчдийн хамтарсан тусгай баг шалтгааныг нь нарийн тогтоохоор ажиллаж эхэлсэн. 

Темиртау нь Казахстаны төмрийн үйлдвэрлэлийн төв, мөн гангийн хамгийн том үйлдвэр Караганда Металлургийн комбинат тэнд байдаг. Энэхүү үйлдвэр олон улсын үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг ArcelorMittal корпорацийнх аж. Темиртаугийн оршин суугчид цас хар өнгөтэй болсон нь дээрх үйлдвэрүүдийн бохирдоос болсон гэж үзэж буй. 

Тиймээс тэд гарын үсэг цуглуулж Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын отгон охин, Казахстаны Экологийн байгууллагуудын нийгэмлэгийн тэргүүн Алия Назарбаевад хүргүүлэхээр зэхэж байна.

Харин ArcelorMittal-ын зүгээс цас өөрсдийнх явуулж буй үйл ажиллагаанаас үүдсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй. Темиртау хот байдаг Карагандагийн бүс нутгийг хамгийн их бохирдолтой бүс гэж үздэг. 2016 онд гэхэд л 600 мянган тонн хортой бодис Карагандагийн агаарт тархжээ.