ПЁНЬЯН. /VOA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-д айлчилна гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ албан ёсоор мэдээлжээ.

Ким Жөн Ун айлчлалынхаа үеэр эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнүүддээ гадаадын тусламж авахыг эрмэлзэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. 

Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд БНАСАУ-ын удирдагчийн айлчлал “удахгүй” болно гэж дурдсан боловч уулзалтын тов болон газрын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

В.Путин, Ким Жөн Ун нар дөрөвдүгээр сарын эцсээр уулзах төлөвтэй байгаа тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 

Ким Жөн Уны шадар туслах Ким Чан Сон өнгөрсөн ням гарагт Владивосток хотод очсон тухай БНСУ-ын “Yonhap” агентлаг мэдээлээд, ОХУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт тус хотод энэ сарын 24-25-ны өдрүүдэд болж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлжээ. 

“Ханойд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтаар тохиролцоонд хүрч чадаагүйгээс хойш Ким Жөн Ун дэлхийн удирдагчдын хараанд байгаа гэдгээ батлахыг эрмэлзэж байгаа бөгөөд түүнд олон хувилбар байгаа” гэж Владивосток хот дахь Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн профессор Артём Лукин хэлсэн байна. 



“Ким Жөн Ун Вашингтон, Бээжин, Сөүлээс хэтэрхий хамааралтай мэт харагдахыг хүсэхгүй байгаа. ОХУ-ын хувьд Путин-Ким нарын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт ОХУ чухал нөлөөтэй болохыг дахин нотолно. Энэхүү уулзалт олон улс дахь Оросын нэр хүндэд чухал ач холбогдолтой” гэж А.Лукин нэмж хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг