Та бүхэнтэй амьдралынхаа нэгэн түүхийг сэтгэл догдлон хуваалцмаар байна. Одоогоос 10 жилийн өмнө 23-р сургуулийг төгсөөд Англид суралцах чин хүсэл эрмэлзлэл, мөрөөдөлтэй охин байлаа. Яагаад ч юм дэлхийн академик боловсролын ноён оргилд заавал сурах ёстой гэж бодож байв. Хоёр жилийн хугацаанд хэлээ сайжруулж анх удаа IELTS өгч байсан юм. Одоо харахад IELTS, TOEFL-ийн шалгалтуудыг 8 жилийн хугацаанд нийт 8 удаа өгчээ. Тухайн үед Англи улсад суралцах виз маань түдгэлзсэн тул Математикийн хичээлээ дахин сайн бэлдэж МУИС-ийн Бизнесийн сургуульд элсэж чадсан. Одоо ингээд харахад энэ хоёр жил маань хамгийн чухал жилүүд маань байжээ. Учир нь Англи хэл, Математикийн хичээлийн суурийг өөртөө маш сайн тавьж өгсөн юм байна.
Үндэс сайтай мод өтгөн саглагар ургадаг гэдэг шүү дээ!
Англи явж чадаагүй ч дараа нь Фулбрайтын тэтгэлэгээр АНУ-д суралцах боломж гарч ирсэн юм. АНУ-д байхдаа хичээл, ажил хооронд завгүй гүйж ажлын амт, том сургуулийн цар хүрээ, шинэ соёл, шинэ найзууд гээд миний амьдралд олон өөрчлөлтүүд гарч байв. Суралцаж байх хугацаандаа Кембриджийн тэтгэлэг зарлагдсан байхыг хараад миний дараагийн зогсоол яагаад Англи байж болохгүй гэж бодсон юм. Ингээд хэдэн сар бужигнасны хүчинд Англи улсад Дэлхийн ТОП гэгдэх Кембриджийн Их Сургуульд суралцахыг зөвшөөрсөн визээ хүлээж авлаа.
Албан ёсоор Кембриджийн Их Сургуулийн оюутан болоход их ойрхон боллоо. Ийнхүү 16 настай охины мөрөөдөл 10 жилийн дараа биеллээ олж байна.
Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн хайрт аав ээж, дүү, хамаатан садан, багш нар болон найз нөхөддөө бүгдэд нь БАЯРЛАЛАА! ❤️Сайн сураад их зүйл бүтээнэ ээ!