Энэтхэгийн хааны удмын гэр бүлийн эзэмшилд байсан алмаазан чимэглэлтэй, алтаар хийсэн хоолны хэрэгслийн хайрцгийг хулгайлсан этгээдүүдийг тус улсын өмнөд нутгийн Хайдарабад хотын цагдаагийн газрын ажилтнууд эрэн сурвалжилж байна.

3 кг жинтэй, 7 сая долларын үнэ бүхий бадмаараг болон алтаар хийсэн цайны аяга, таваг, цайны халбагыг  гэмт этгээдүүд хулгайлжээ. Эдгээр нь Хайдарабадын сүүлчийн Низам /хаан/ болох Мир Осман Али Ханы үнэт эдлэлүүд бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн баян хүн гэж тооцогддог байсан юм.

Хулгайн хэрэг гарсныг даваа гарагийн өглөө мэдсэн бөгөөд уг хэргийг өмнөх шөнө нь үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Үнэт эдлэлүүд алдагдсан Низамын ордныг музей болгосон юм. 10 жилийн өмнө өөр нэгэн музейгээс хааны гэр бүлийнхний эзэмшиж байсан сэлэм мөн хулгайд алдагдаж байсан ажээ.  

“Хэргийг хоёр хүн үйлдсэн байх хэмээн таамаглаж байна” гэж цагдаагийн ажилтнууд “Би-Би-Си” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

“Хиндустан Таймс” сонинд мэдээлснээр, хулгайч нар хяналтын камеруудын чигийг өөрчилсөн учраас тэдний үйлдлийг харуулсан дүрс бичлэг байхгүй байгаа юм.  

Низам музейд байгаа дээрх үнэт эдлэлүүдийг 2000 оноос олон нийтэд үзүүлж эхэлжээ. Музейн үзмэрүүд нь Мир Осман Али Ханд 1937 онд бэлгэнд ирсэн байна. Түүний захирч байсан газар нутаг нь хожим Энэтхэгийн хамгийн том муж болсон юм. Тэрбээр 1967 онд таалал төгссөн байна.

Мир Осман Али Ханы эд зүйлсийн дотор дэлхийд алдартай, өндөгний хэмжээтэй Жейкобын Очир-Эрдэнэ зэрэг олон тооны чамин тансаг гоёл чимэглэлийн зүйлс байдаг ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг