Холимог гардан тулааны UFC 229 тэмцээн Лас Вегасын T-Mobile дэвжээнд болж өндөрлөсөн. Энэ удаагийн тулаанд Оросын Хабиб Нурмагомедов домогт Конор Макгрегортой хүч үзсэн юм. Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсаныг бид мэднэ.

Тэгвэл "Холимог тулааны UFC холбооны аварга, Дагестан тулаанч Хабиб Нурмагомедовт "Дагестаны Ардын Баатар" цол олгох боллоо" гэж "Родной Дагестан" хөдөлгөөний зохицуулагч Гасангусейн Абдулжелилов мэдэгджээ. 

"Эх орныхоо спортын хөгжилд оруулсан хувь нэмэр, UFC холбооны аварга болсон гавьяаг нь үнэлж, Хабиб Абдулманапович Нурмагомедовт Ардын Баатар цол олгох шийдвэр гаргалаа. Ойрын үед түүнд бүргэдтэй алтан од одонг гардуулах болно" гэж  Абдулжелилов сэтгүүлчдэд танилцуулжээ. 

Энэ нь Дагестаны улстөр, нийгэм, урлаг соёлын амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог шагнал бөгөөд бизнес эрхлэгч Сулейман Каримов, КГБ-гийн генерал  Омар Муртазалиев, улстөрч Гамзат Гамзатов, олимпийн аварга Бувайсар Сайтиев, академич Гамид Бучаев, олон нийтийн зүтгэлтэн Шуми Шабатаев зэрэг эрхмүүд өмнө нь хүртэж байжээ.