Багшийнхаа үнэт бүтээлийг шавь нар нь монгол хэл рүү хөрвүүлэв

Мал эмнэлгийн хүрээлэнд  өчигдөр нэгэн баярт үйл явдал болж, үе үеийн эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны доктор, профессор, акдемчдын төлөөлөл оролцов. 

Академич, шинжлэх ухааны доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мөнхдоржийн Даш агсаны “Монгол орны иксод хачиг тэдгээртэй тамцэх арга” номыг орос хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн гаргажээ. Академич Даш нь /1932-1994/ олон жилийн турш олон орны болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хийсэн дээрх эрдмийн бүтээлээрээ 1986 онд Германд мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг  хамгаалж байжээ. Энэ судалгаа нь  Монгол оронд иксод овгийн 18 зүйлийн хачиг байгааг тогтоож, түүний гурван зүйлийг шинээр илрүүлж, зарим зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, биологи, экологи, хорт чанарын үндсэн шинж, малд зонхилон шимэгчилдэг хачгууд, тэдгээрийн идэвхжилтийн улирлын хөдлөл зүй, малд асаж паразитлах  хугацаа, хачгаар дамжин халдварладаг хүн малын халдварт өвчин, хачигт баригдсан малд үүсэх эмгэг, малын арьс ширэнд гарч байгаа гэмтлүүд, эдийн засгийн хор хохирлын хэмжээ,тэмцэх арга гээд бүрэн цогц суурь судалгааны ажил юм байна. 

Тэрбээр дээрх эрдмийн ажлаа тухайн үед орос хэл дээр хийж, цол хамгаалж байсан учраас өнөөдрийг хүртэл монгол хэл дээр байгаагүй аж. Харин  орос хэл дээрх диссертацийнх нь нэг хувь  академич, доктор Б.Бямбаад хадгалагдаж байсныг тэрбээр  Даш академчийн шавь Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Батцэцэг, ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн тэргүүлэх ажилтан доктор, профессор Б.Баттөр нарын хамт орос хэлнээс хөрвүүлсэн байна. 

Номыг ийнхүү  эх хэл дээрээ гаргаснаар хачигийн талаар судалдаг мал эмнэлгийн төдийгүй хүн эмнэлгийн эмч, судлаач нар, эрдэмтэн, багш, оюутнуудад  үнэт суурь судалгаа, судлагдахуун болж байгаа гэдгээрээ өндөр ач холбогдолтой аж.

Номын нээлтэд  Ш.Дэмбэрэл, Ч.Авдай, А.Бакей зэрэг академич, доктор, профессорууд  уригдсаны дотор Дашийн  дүү М.Отгон уригдсан байв. Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, доктор, профессор тэрбээр  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 14 жил ажиллаж, 2000 онд тэтгэвэртээ суусан  аж. 80 настай гэхэд 60 настай хүн шиг ануухан харагдах Отгон профессор ахынхаа номыг монгол хэл дээр гаргасан Мал эрдэмтэн шавь нарт нь баяр хүргээд “Манай ах генетикийн шинжлэх ухаанд том гавьяа байгуулсан хүнээс гадна миний сурч боловсрох, ажил мэргэжлээ эзэмших амьдралын замд  маш ухаалаг, зөв шийдвэрүүдийг гаргаж байсан байдаг юм. Одоо бодоход маш алсын хараатай том бодож сэтгэдэг хүн байжээ. Түүнийг ийм ухааны  цараатай хүн болж улс орон, шавь нартаа үүрд дурсагдах үнэ цэнэтэй бүтээл хийхэд нь түүний унасан газар угаасан ус Увс аймгийн Өндөрхангай сумын маань уул ус түшсэн байдаг байх гэж боддог. Бид бүгд Монголын шинжлэх ухаанд өөр өөрийн мөрийг гаргасан байдаг. Тийм учраас ахынхаа номны  урд ард хавтсанд   Ханхөхий хайрханы зургийг оруулах санал тавихад хүлээж авч, хэлсэнээр маань болгосон энэ сайхан эрдэмтэдэд талархлаа” гэв. 

Мөн түүний гарын  шавь нь байсан академич Б.Бямбаа:

“Энэ ном бол хэзээ ч хуучрахгүй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын суурь судалгаа нь байсаар байх болно. Харин өнөөдөр залуу эрдэмтэн, судлаачид эх хэл дээрээ унших боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Өмнө нь залуучууд уншъя гээд ч  байхгүй, орос хэл дээр  ганцхан хувь надад хадгалагддаг байсан. Би яагаад энэ хүний бүтээлийг эх нооргоор нь ганц хувийг аваад үлдчих вэ гэхээр намайг Мал эмнэлгийн сургуулиа төгсдөг жил ХААИС-ийн захирал байсан, сүүлд академич болсон Мятавын Төмөржав багш маань дуудаж, Даш багшийн шавь болгосон. Тэгээд  би 1975-1993 он хүртэл 20-иод жил багшийн цорын ганц шавь нь болж ажилласан. Одоо манай хачиг шавьж судлалын эрдэмтэд хачгаар дамждаг өвчин эгэл биетний өвчин, эм тариа хийх гээд бүр чиглэл чиглэлээрээ салбарлаад явчихсан. Тийм том зүйлийг бодож сэтгэж үндсийг нь тавьжээ. Багшийнхаа  энэ судалгааг цааш үргэлжлүүлж, бодож мөрөөдөж байсныг нь хийхээр нэг шинжлэх ухааны академич, таван доктор, хоёр дэд доктор, 30-аад магистрын бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн “Эрдэм” нэртэй шавь сургууль бий болсон ажиллаж байна.    Сүүлийн үед ХХААХҮЯ-наас малын эрүүл мэнд, арьс шир түүхий эдийн гэмтлийг багасгах чиглэлд нэлээд  анхаарч байна. Энэ чиглэлд манай эрдэмтэдийн баг арьсны  гэмтлийг арилгах  технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл дээр ажиллаж байна” хэмээн ярилаа. 

 Профессор Б.Баттөр:

“Багшийн  маань энэ бүтээл иксод хачгийн биологи, эпидемиологийн талаар манай оронд анх удаа хийгдсэн суурь судалгаа төдийгүй дэлхийн паразитологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Даш багш бидний өнөөдөр эх хэл дээрээ орчуулж гаргаад байгаа энэ бүтээлээрээ Германд доктор хамгаалахаасаа өмнө 1964 онд тухайн үеийн БНБАУ-д “Монголын хойд хэсэгт адууны гемоспоридозууд, тэдгээрийни үүсгэгчийн дамжуулагчдыг судалсан дүн” сэдвээр мал эмнэлгийн ухааны дэд доктор хамгаалсан. Үүгээрээ  шинжлэх ухаанд нээлт хийсэн хүн” гэж онцоллоо. 

Номын баярт уригдсан акедамич нар ч уг номын зохиогч Дашийн шинжлэх ухаанд оруулсан гавьяа, шинжлэх ухааны байгууллагыг   удирдаж байсан арга туршлагын тухай олон сайхан дурсамж өгүүлж байсан. Мөнхдоржийн Даш нь  Шинжлэх ухаан техникийн улсын хорооны Орлогч дарга, даргын албыг хашиж байжээ. Сүүлд Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо болж тухайн үед Хороо нэртэй боловч яамны бүтэцтэй ажиллаж байсан том байгууллагыг нэрт төртэй удирдаж байсан төр, засгийн нэрт зүтгэлтэн аж. 

Хачигийн тоо толгой өсөх хандлагатай байгаа аж

Уг номтой холбоотойгоор хавар, зуны улиралд ихэсдэг хачигтай холбоотой танин мэдэхүнй холбогдолтой мэдээллийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн Хачиг шавж эгэл биетэн судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Болдбаатараас сонирхсоноо товчхонхүргэе.  Дэлхий дээр хачиггүй орон гэж бараг байхгүй гэнэ. Манай орны хувьд хачигийн тархалт нэмэгдээгүй ч дулааралтай холбоотойгоор сүүлийн үед тоо толгой ньнэмэгдэх хандлагатай байгаа аж. Газар газар өөр өөр зүйлийн хачиг бий. Тухайлбал, Сэлэнгэ чиглэлд ойн хачигт хазуулсанаас амь эрсдэх тохиолдол ч гарсаар байгаа билээ. Хачиг нь биологийн амьтан учраас байгалийн голомтот өвчнийг зөөвөрлөж мал, амьтанд халдаах нь их. Амьдралынхаа 95 хувьд гадаад орчны нөлөөнөөс, 1-5 хувийг мал, амьтнаас цус сорж амьдардаг байна. Тэр шимэгчилж амьдарч буй тавхан хувийн амьдралаараа мал, амьтанд хангалттай их хор хохирол учруулдаг хөнөөлтэй амьтан юм. Хачиг хэдийдулааны улиралд хаа сайгүй элбэг байх ч тархалт нь нэмэгддэггүй онцлогтой юм байна.  Яагаад нэмэгддэггүй гэхээр 95 хувь нь гадаад  орчны нөхцөлөөс хамааралтай амьдарч, өөрт таарсан орчиндоо л үрждэг. Малд халдварлаад зөөгдөөд явж байх үедээ унаж, тэр газраа үржих гэж оролдох боловч байгалийн нөхцөл нь таарахгүй бол амьдарч чаддаггүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ маш тэсвэр тэвчээртэй 3-5 жил өлөн байж чаддаг байна. 

Хамгийн гол асуудал хүнд халдварлах үед мэдрэлийн системд шууд нөлөөлж амь эрсдэх аюулд хүргэдэг. Мөн малын арьс ширэнд ялангуяа хонины нэхийний  зоо хэсгээр илүү шимэгчилдэг нь эдийн засгийн хохирол их учруулсаар байгаа билээ. Мал болон хүн эмнэлгийн тэмцэх аргын судалгаа, оношилгоо ч цаашид энэ чиглэлд илүү нарийсч хөгжихөөр байна. Үүнд ч дээрх ном нь суурь судалгаа болж өгөх юм.