Нэг өдөр 5 настай охин дүү минь надад төгөлдөр хуур тоглож өгч дуусаад надаас ийнхүү асуусан юм. Гэхдээ тэр үед би 2 хон өгүүлбэрээр хариулсан ч гэртээ харих замдаа энэ асуултын хариултыг бодож явав. Бид хайрыг өдөр бүр мэдэрдэг ч илэрхийлж үл чаддаг юм байна.

Олог хоног бодож олсон хариулт маань.
~ Хайр бол хүүхэддээ шокладны крем идүүлэх дургүй ээж аавууд. Учир нь тэд ганц хормын амт нь ирээдүйд шүдэнд учрах өвдөлтөөс сэргийлэхийг мэддэг учраас хүүхдүүдийнхээ сэтгэлийг шархлуулагч.
~ Хайр бол амьнаас нь ургаж хайраас нь соёолсон бяцхан хүүхдээ анх энгэртээ тэврэхэд сад тавин урсах их энэрэл эхийн харц.
~ Хайр бол анхны хүүхдээ өлгийдөн эв хавгүй тэврэх залуугийн эцэг болсон мэдрэмж.
~ Хайр бол ирээдүйд өглөө эрт сэрж ажил төрлөө амжуулах хүмүүжил олгохын тулд ядарсныг нь мэдсээр байж нойрыг нь хасан үүрээр дуудагч эмээгийн үглэлт.
~ Хайр бол хүний үг дааж сураг гэсэндээ үгний хурцаар зүрхийг нь шархлуулагч, түүндээ сэтгэл дотроо өөрөө ч шаналах аавын үнэн сургааль.
~ Хайр бол гэрийн сайн эзэгтэй болог гэсэндээ шөнөөр нойргүй хонуулж өндөгний цусаа гоожуулан байж оёулж сургах, нойтон алчуурнаас ус үл тустал нь мушгиулж гарыг нь эвэршүүлэх ээжийн үнэт үйл.
~ Хайр бол үгээр ч үл илэрхийлэх, үйлдлээр ч үл үзүүлэх, өөрөөсөө харамлан байж, бусдаас нуун байж харцаараа энхрийлэх дурлалт залуугийн халамж.
~ Хайр бол дурласан охин нь хүлээж байсан мэт цахилгаан шууданд нь шууд хариулах мэдрэмж.
~ Хайр бол зүрх догдолж сэтгэл булиглан байхад чимээгүйхэн гарыг нь Сайн уу гээд мэдрэмжээ даран мэндлэх мэндчилгээ.
~ Хайр бол зөндөө удаан саначихаад үнсэж үл зүрхлэх, хүрч үл зүрхшээх, харж энхрийлэх догдлол.
~ Хайр бол хамтдаа даарч хөтлөлцөн цасан дунд удаан алхах өсвөр насны үерхэл.
~ Хайр бол дурласан залуу нь болзоонд урихад үүлнээс дээш нисэх сэтгэлийн хөөрөл.
~ Хайр бол хамтдаа өлсөж, хамтдаа зовж, хааяадаа хэрэлдэж, гомдон байж босгосон хамтын амьдрал.
~ Хайр бол сэтгэлийн хөдлөлөөсөө болж учиргүй их гомдож, ихэр татан уйлсан ч уучлах тэр энэрэнгүй сэтгэл.
~ Хайр бол хамтдаа гэсэн итгэлээр, нэгэн руугаа гэсэн сэтгэлээр яаран уулзах хосууд.
~ Хайр бол их ярьдаггүй ч зүрхээрээ ойлголцогч, санаа алдалтаар хагацлыг дүрслэгч чи бид хоёр.
Гэгээн хайрын баярын мэнд. Хосуудаа!

Хайр бол... өөрийнхөө үгсээр өөрийнхөө мэдрэмжээр дүрслээрэй. Уншигчид минь


Хүүрнэгч: Дөлгөөн