Эрт нэгэн цагт залгаа нутгийн залуу бүсгүй хоёр хонины бэлчээрт нууцаар танилцаж хайр сэтгэлийн нандин холбоо үүсгэжээ. Хангайн уулс шиг ханхар сайхан залуу, үзэсгэлэн гоо эрхи танхи бүсгүй хоёрын ариун хайрын болзоо атаач жөтөөч хүмүүсийн хар сэрийн салхиар дамжин охины эцгийнх нь  сонорт хүрчээ. Удам язгуур сайт чинээлэг баян эцэг нь хайрлан өсгөсөн үнэт сувд мэт ганц гүнжээ харц дорд гаралтай тарчиг ядуу залуутай гэрлүүлэхгүй тулд нэгэн арга сэдсэн гэнэ. Залууг хугацаагүй цэргийн албанд цөлөх, охиноо нутгийн баяны хүүд богтлон өгөх шийд гаргажээ. Аргагүйн эрхэнд салахаар  болсон амраг хоёрт сүүлчийн удаа уулзах боломж өгч гэнэ. Залуу нь 'Хол газар салахаар одовч чамайг үргэлж харж явах  болноо" гээд ууланд хувилав гэнэ. Тэр нь АВЗАГА ХАЙРХАН уул бөлгөө. Шаналж хоцорсон сайхан бүсгүйн сувдан нулимс урсаж тунасаар  нуур болон тогтсон нь ӨГИЙНУУР билээ. Үүл манангаар уулзаж байх учир ерөөл тавьсан АВЗАГА ХАЙРХАН ӨГИЙ НУУР хоёрын амин холбоо энэ буюу. ӨГИЙ НУУР нь ОНГОН ДАГШИН ОХИН савдагтайн учир цэвэр цэмцгэр байлгаж цай сүүнийхээ дээжийг өргөхөд хайр энэлээр ивээж хишиг буянаа харамгүй хайрлана. Хир буртгаа угааж, хог новшоо хамаа намаагүй нуурын эргэн тойронд хаяж  элдэв бусаар бузарлаваас онгон дагшин охин савдаг догширч үе удмаар нь хараан цээрлүүлэх бөлгөө. АВЗАГА ХАЙРХАНЫ савдаг алсаас харж байдаг учир бүү хилэгнүүлээрэй!

Лус савдагийн хараал хатуу нэхэлтэй тул хэзээ хаана хэдийд ч цээрлэл хүртэж болзошгүй тул гүнж нуураа бүү гомдоогоорой. Хүн зон, мал сүрэг, жигүүртэн шувууд, загас жараахай түмэн зүйлийн амьтаны жаргалын орон болсон газрын сувд нүдэн нуураа хайрлацгаая! 

Та загасчлах, амарч зугаалахаар  ӨГИЙ НУУР руу очихдоо энэ бүхнийг санаж цэвэр цэмцгэр байхад сэтгэл нь баясдаг эм савдагтай нуурандаа ээж шигээ, эгч шигээ, охин дүү шигээ, охин үр шигээ сайхан хандаарай!