Хайр дурлал бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв. Хайрын мөн чанар, утга учрыг олох гэж хүмүүс хэдэн зууны турш ярьж, бичиж, хайж ирсэн биз. Хайрын хүчээр бүтээгдсэн барилга байгууламж, сүм дуган, дуу шүлэг, жүжиг зохиол энэ дэлхийгээр дүүрэн буй. Гагцхүү хайр дурлалын халуун элчинд хүн гээч амьтан юуг ч дийлэх хүчтэн, юуг ч бүтээх шидтэн болж хувирдаг гэлтэй. 

Коронавирусийн нөхцөл байдлын улмаас энэ жилийн хайрын баяр хөл хорионд өнгөрч байна. 

Гэсэн ч гэртээ сайхан тэмдэглэх олон боломж бий. Та бүхэнд хайрттайгаа хамтдаа тухлаад үзэх хайрын тухай дараах кинонуудыг санал болгож байна. Эдгээр киног үзээд халуун хайр, гэгээн мөчөө эргэн дурсаарай. 


50 First Dates (2004)

Генри Рот үзэсгэлэнт Люсид сэтгэл алдарна. Тэрээр үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлийг хөндөж чадсанаар хосууд хайраа эцэс төгсгөлгүй мөнхийн мэт бодож байв. Гэвч бүсгүй авто осолд орсны улмаас өмнөх өдрийнхөө амьдралыг огт санадаггүй. Хайрт залуу Генри үүнд бууж өгөлгүй хайртай бүсгүйдээ өдөр болгон шинээр дурлахад бэлэн байна.


The Notebook (2004)

Өндөр настны асрамжийн газарт нэгэн эмэгтэйд нас тогтсон нэгэн эр тэмдэглэлийн дэвтрээс дурсамж уншиж өгөх аж. Энэ дурлалын түүх бидний зүрх сэтгэлд гүн ул мөр үлдээнэ. Рэйчел МакАдамс, Райан Гослинг нарын гайхалтай хослолыг харуулсан сонгодог романтик кино юм.


Sleepless in Seattle (1993)

Энгийн мөртлөө ихийг өгүүлэх сэтгэл хөндсөн кино. Киног үзэн үдшийг тайван өнгөрүүлэхэд таны оюун санаа, зүрх сэтгэл талархах болов уу. Кинонд төлөв даруу ганц бие эр, сэтгэл булаах бүсгүй, хайр татам хүүхдүүд, халуун дулаан уур амьсгал гээд бүгд гарах болно.


 The Fault In Our Stars (2014)

Хорт хавдартай охин, түүнд дурласан үнэнч хөвгүүн хоёрын хөгжилтэй хэрнээ хөнгөхөн гунигтай энэ кино нь жүжигчдийн ур чадвар, зохиол, киноны дуу зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Ямартай ч таны сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулах кинонуудын нэг мөн байх болно. Өвчтэй зовлонтой ямарч үед жинхэнэ хайр бол хэзээд чиний дэргэд байдаг зүйл аж.

 


Me before you (2016)

Хайр хаана хүрээд дуусдаг  вэ? энэ асуултын хариулт яг энэ кинонд бий. Жинхэнэ хайр өвчин, өвдөлт, баян ядуу алинд нь ч сөхөрдөггүй. Магадгүй үхлийн өмнө ч хайрын илч дүрэлзсээр байна. 

 

Titanic (1997)

Энэ киноны талаар бараг мэдэхгүй хүн байхгүй биз. Хэд ч үзсэн уйдхааргүй гайхалтай бүтээл. 1912 онд үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн  тансаг чамин хөлөг онгоц анхны замдаа гараад осолдож 1517 зорчигч амь насаа алдсан эмгэнэлт явдалаас сэдэвлэн бүтээсэн юм. Хөлөг онгоцон дээр учирсан гайхалтай учрал болон эмгэнэлт хагацлыг харуулсан давтагдашгүй уран бүтээл.


About Time (2013)

Хэрвээ та цаг хугацаагаар аялж чаддаг байсан бол өнгөрсөн рүүгээ буцаад бүхнийг өөрчлөх байсан уу? Магадгүй үнэхээр боломжтой байсан бол маш олон хүмүүс өнгөрсөн дурсамжаа өөрчлөх байсан байх. Энэхүү кинонд удам дамжсан онцгой чадвартай залуу, заяаны ханьтайгаа учирч хуримаа хийх болно. Гэвч тэр үеэс залуу онцгой чадварынхаа талаар мэднэ. Улмаар өнгөрсөн рүүгээ очоод алдаа бүрээ залруулахыг хичээх боловч амьдралд болох ёстой зүйлс болдгоороо л болдог гэдгийг ойлгож авна.

 


A Star Is Born (2018)

Хэрэв та авьяас чадвараараа нэгдэж, алдар нэрээр салж сарнисан хүмүүсийн тухай түүхийг хайж байгаа бол энэхүү киног үзэх боломжтой. Хамгийн сүүлийн хувилбарт Лэди Гага, Брэдли Купер нар хамтран зүрх сэтгэлд хоногшсон "Shallow" дууг бүтээсэн юм.


Vow (2012)

Энэхүү кино нь бодит амьдрал дээрх хос Ким ба Крикетт Карпентер нарын гайхалтай түүхээс сэдэвлэсэн болно. Харамсалтай автомашины ослын дараа бүсгүй ой санамжаа алдаж, залуу түүнд дахин дахин дурлах арга олох хэрэгтэй болно. 


500 Days of Summer (2009)

Эхэндээ тэд энгийн найзууд байна, сүүлдээ бие биедээ татагдаж, дурлаж эхэлнэ. Хүний сэтгэлийг хөндөх бүтээл яалт ч үгүй мөн билээ.


Pride and Prejudice (2005)

Энэ киноноос ойлгож болох цор ганц утга бол хайр сэтгэлд ямар нэгэн хөрөнгө чинээ, анги ялгаа гэж зүйл байдаггүй. Байсан ч хэсэг хугацааны дараа л даваад гараад ирдэг асар их хүч гэдгийг харуулжээ.

 


Love Actually (2003)

Өөр өөр төрлийн хосууд, гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг нэг цогцоор гайхалтай нарийн гаргаж өгсөн хөнгөн жанрын энэ киног та заавал үзэх хэрэгтэй шүү. Үзээд жинхэнэ хайр гэж юу байдгийг ойлгоно, өөрийгөө хөгжөөнө, басхүү их зүйлийг тунгаана гэдэгт итгэлтэй байна.