Өнөөдөр Авлигатай тэмцэх газар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотой хангах, гарц гаргалгааны талаар өнөөдөр албаны болон төрийн бус байгууллагын хүмүүс хэлэлцэж байна. 

“Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мөнгөн дүнгээр үнэлхээргүй хэмжээний хохирол учруулдаг байна. Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага нөхцөл байдал үүсч байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр дээрх хэлэлцүүлгийг хийж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү онцоллоо. 

Эхний илтгэлийг АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр тавилаа. 

Дараагийн илтгэлийг ШУТИС-ын Олон улсын дээд боловсрол судлал төвийн доктор Т.Намнан тавьсан бөгөөд тэрбээр боловсролын салбар дахь авлигалд хамгийн их өртдөг магадлан итгэмжлэх, багш ажилд авах, диплом олгох, үдийн хоол хөтөлбөр, барилгын засвар, тоног төхөөрөмж авах, сурах бичиг бичих эрх, ном хэвлүүлэх, зэрэг ажил, үйлчилгээнд байна гэдгийг онцлолоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Нийслэлийн боловсролын газрыг авлигагүй салбар болгоё, хамтран ажиллая гэсэн саналыг АТГ-т тавьж байна" гэлээ. 

Хүүхдийг ивээх сангийн зохицуулагч Э.Цолмон: - "Өсвөр үеийнхний дуу хоолой-2" судалгааны үр дүн: нийт хүүхдийн 72,6 хувь нь авлигатай тэмцэхэд хүүхэд залуус үүрэг гүйцэтгэж чадна гэж үзсэнийг хэлэв.