АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Оны хамгийн шударга бус бөгөөд хамгийн ихээр худалдагдсан олон нийтийн мэдээллийн  хэрэгсэл”-ийг тодруулан шагнал олгох гэж байгаа тухайгаа энэ сарын эхээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрбээр уг шагналын ялагчдыг тодруулснаа зарласан байна.

“Хамгийн хуурамч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл”-ийг үнэлсэн жагсаалтдаа тэрбээр “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост” сонинууд болон телевизийн “Эй-Би-Си”, “Си-Эн-Эн” сувгууд, түүнчлэн “Тайм”, “Newsweek” сэтгүүлүүдийн материалуудыг оруулсан байна.

Хамгийн сүүлд буюу жагсаалтын 11-д тэрбээр түүнийг Оростой холбоотой гэх таамагтай холбоотой дуулиан шуугианыг тавьжээ.
 
“Эцэст нь тун багагүй ач холбогдолтой болох “Оростой тохирсон хуйвалдаан” гэгч юм. Энэ нь америкийн ард түмнийг хуурахын тулд олж зохиосон асар том үлгэр юм. Тийм хуйвалдаан байдаггүй юм!” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Америкийн олон нийтийн мэдээллийн ихэнх хэрэгсэл өөрийнх нь эсрэг хандлагатай байдаг, баттай биш мэдээлэл нийтэлдэг гэж үздэг Дональд Трамп “Си-Эн-Эн” телевиз болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тун шүүмжлэлтэй ханддаг аж.