Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Энэ хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхэллээ.

Тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн Лхагва, Бямба, Ням гарагт тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм. 

Эхний ээлжинд ангилагдсан, дахивар хог хаягдал тээвэрлэх тогтсон цэгүүдийг зааж, хаяг байршуулжээ.

Тухайлбал 1 дүгээр хороонд Эрэл хотхон, Наран хотхон, Шинэ Өглөө хотхон, 52-р сургууль, 67-р цэцэрлэг, Jetro худалдааны төв, 2 дугаар хороонд 65-р цэцэрлэг, 3 дугаар хороонд дүүргийн Иргэдэд Үйлчлэх Төв байр, 4-р байр, 15-р сургууль, Эрчим 53-р байр, Нутгийн буян 14 СӨХ зэрэг газруудад байрлуулсан хаягийн дагуу хог хаягдлыг дахин боловсруулах “Мог пластик” ХХК үйлдвэр Лхагва гарагт шил, лааз, бямба гарагт хуванцар, гялгар уут, ням гарагт цаасны хог хаягдлыг тээвэрлэж байна.