Хайртай хүн тань ялихгүй жижиг маргаан үүссэний дараа тантай юм ярихаа больдог уу? Өөрт нь таалагдахгүй зүйл гарах төдийд дуугаа хураачихаад байна уу? Түүний энэ зан чанар та хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Хайрт чинь сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэхийн тулд “дуугаа хураах” тактик ашигладаг бол харилцаандаа хор уршиг учруулж буй хэрэг юм. 


Хосууд бие биентэйгээ харьцахаа болиход хүргэдэг зарим шалтгаанаас дурьдвал: 

  • Эмэгтэй нь эрх мэдлээ харуулахыг хүсдэг (гэхдээ яг үнэндээ эсрэгээрээ мэт сэтгэгдэл төрдөг юм шүү);
  • Эрэгтэй нь өөрийг нь байхгүй бол хайртай бүсгүй нь шийдвэртэй алхам хийх чадваргүй гэдгийг батлахыг хүсдэг (бас л өрөөсгөл бодол);
  • Хайрлах, энхрийлэхээ хязгаарлах аргаар хайртай хүнээ “зовоож”, шийтгэхийг хүсдэг;
  • Эрэгтэй нь харилцааны соёлгүй, хайртай бүсгүйнхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийж эрсдэл гаргах дургүй;
  • Эмэгтэй нь өмнө нь болж байсан маргаан, гомдсон сэтгэлээ мартаагүй; 
  • Эрэгтэй нь түрүүлж яривал маргаандаа ялагдчих юм шиг санагдаад байдаг...


Асуудал үүсэхэд... Та ч бас болж буй үйл явдалд буруутай гэдгээ санаарай. Та хоёр хараахан бие биетэйгээ харилцаж сураагүй байж болох юм. Бүх зүйл хүссэнээр тань болохгүй үед хоёул бухимдаж эхэлдэг байх. Маргаан, үл ойлголцлоос сэргийлэхийн тулд эхлээд өөрийнхөө биеэ авч яваа байдлыг үнэлж, хайртай хүнээ буруутгахыг урьтал болголгүй тайван байх хэрэгтэй.

Хосуудын дунд үүссэн иймэрхүү “чимээгүй дайн” хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ? Үл ойлголцол, итгэл найдвар үгүй үед маргаан улам хурц дэгддэг. Эхнэр тань хэдэн долоо хоногийн турш тантай үг дуугарахгүй байвал та хоёрын харилцаа “хөрсөн” гэж ойлгож болно. 

Ийм нөхцөл байдал үүссэн үед хүмүүс хэрхэн яаж харилцаагаа сэргээхээ сайн мэддэггүй. Хайрт тань эргээд харилцаагаа сэргээхийг хүссэн ч гэсэн айснаасаа болоод эсвэл таны зүгээс нааштай хандлага ирэхгүйг мэдэх тул шийдвэртэй алхам хийж чаддаггүй. Та хоёрын муудалцах шалтгаан болсон тэр эмзэг сэдвийг ахин хөндөхөөс айж, улмаар тэр танаас улам их хөндийрөх болно. 

Хайр сэтгэлийн харилцаанд орсон хүн бүр хостойгоо илүү сайхан харилцаатай болохыг тэмүүлдэг шүү дээ. Тухайн харилцаанд орж буй талуудын хувьд аль алинд нь тавтай, тухтай байх, илэн далангүй ярилцах боломжийг бүрдүүлэх нь чухал. Айдас, хуурмаг зүйл үгүй болсон цагт жинхэнэ ойлголцол ирдэг. Харилцааны хамгийн сайн анагаагч бол чин үнэнч байдал юм.

Гэхдээ асуудлын үндэс юундаа байна вэ? Таныг үнэхээр хэн нэгэн сонсохыг хүсэхгүй бол яах вэ? Эсвэл өөрт нь хандаж таагүй зүйл хэлнэ гэдгээс айгаад байдаг юм болов уу? 

Хүмүүс ихэвчлэн айдаг. Айдсаасаа болоод хамгаалах байрлалаа эзэлчихдэг. Энэ нь даамжирсаар уур уцаар болж хувирна. 

Хос хоёрын нэг нь хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэснээс болж ихэнх хосууд ойлголцож чаддаггүй. Тухайлбал, эхнэр нь нөхрөө юм яриулахгүйгээр амыг нь хаадаг. Эхнэр нь нөхөртөө урьдчилаад хорвоогийн хамаг гэм нүглийг тохчихдог. Энэ нөхцөлд эмэгтэй хүн ялагдлаа хүлээж чаддаггүй. 

Ийм хүнтэй харьцахад маш хэцүү. Тэр өөрийгөө бүхнийг мэддэг гэж боддог. Хангалттай их оймс элээсэн, хангалттай их мэдлэг туршлагатай хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ тэглээ гээд үргэлж түүний зөв гэсэн үг биш шүү дээ.

Эмэгтэй хүн биеэ иймэрхүү байдлаар авч явдаг бол хайртай эрэгтэй нь түүний дэргэд удахгүй л болов уу. Ганцаараа үлдсэн цагт л болж өнгөрсөн үйл явдлыг ойлгох байх. Гэхдээ хэтэрхий оройтсон байх болно. 


Харилцан дуугаа хураалгүйгээр хэрхэн харилцаагаа хадгалж үлдэх талаар зөвлөгөө өгөхөд: 

  1. Тайвшир. Асуудлынхаа тухай шууд ярих хэрэггүй. 
  2. Юу мэдэрч, бодож байгаагаа бүрэн илэрхийлэх боломж олгохыг бие биенээсээ хүс. Нэг нэгнийгээ ярьж байхад таслалгүй, дундуур нь оролгүй тайван сонс. 
  3. Нэгнийхээ яриаг шүүмжилж, нэг өнцгөөс харахгүйг хичээ.
  4. Хариуцлага үүрэхэд бэлэн бай, хайртдаа буруу тохох хэрэггүй.
  5. Хайрт тань юу хүсэж байгааг олж мэд 

Тун энгийн байгаа биз? Хүүхэд шиг аашилж зөрүүдэлгүйгээр хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцах хэрэгтэй. Бие биенийхээ сонсохыг хүссэн үгсийг хэлж, хэнд юу дутагдаж байгаагаа нуулгүй хэлээрэй. Эцэст нь та хоёр үүссэн асуудлынхаа шийдлийг олох болно.