ПЁНЬЯН. /Tongil Sinbo/. БНСУ-ын эрх баригчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар мэдэгдэл хийхийн оронд хоёр Солонгосын харилцааг сайжруулах үндсэн асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрөх ёстой хэмээн  “КНДР сегодня" цахим хуудаст мэдээлжээ.

“БНСУ-ын эрх баригчид хоёр Солонгосын байгуулсан тунхаг бичгийн зүйл заалтуудыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа мэт дүр үзүүлж, хүмүүнлэгийн тусламж, харилцан солилцооны талаар ярьж байна. Тунхаг бичигт тусгагдсан үндсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг эргэцүүлэлгүйгээр хоёрдугаарт тавигдах асуудлыг эхэнд нь тавих замаар авч хэрэгжүүлж буй энэ алхмууд нь олон нийтийг төөрөгдөлд оруулж байна” хэмээн тус цахим хуудаст мэдээлсэн байна. 

БНСУ БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагуудтай хийж буй яриа хэлэлцээгээ энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөж байгаа тухай Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг