Америк эмэгтэй Харпер Лий 36 настайдаа Гургалдайг хөнөөхүй роман бичиж хэвлүүлсэн нь тэр даруйдаа уншигчдийн сонирхолыг гойд татаж , утга зохиолын шүүмжлэгч нарын анхааралд өртсөн байна. Номын зохиолч Харпер Лий үүнийг түр зуурын шуугиан байх гэж бодсон ч энэ жинхэнэ тэсрэлт байжээ. 1960 онд хэвлэгдсэн уг роман жилийн дараа утга зохиолын нэр хүнтэй Пулицерийн шагнал хүртжээ. Шалтгаан нь юу байв? Зохиолын үйл явдал тун энгийн хөвөрнө. 

Мейком хэмээх жижиг хотод хуульч, өмгөөлөгч аавынхаа хамт амьдрах өсвөр насны хоёр хүүхдийн амьдралыг өгүүлнэ. Ээж нь нялх багад нь өөд болсон учир аавынхаа халамжинд өсөж торнин буй хүү охин хоёр. Аав нь ажил ихтэй, гэр бүлийн амьдралд оролцоо бага тул гэрийн үйлчлэлгч хар арьст эмэгтэйтэй үлдэх хоёр хүүхэд өөрсдийнхөө зоргоор хорвоог таньж өсөн өндийнө. Бага дүү нь болох Жин Луйз охины хүүрнэлээр зохиол хөвөрнө. Зохиолын үйл явдалд зохиолчийн зүгээс ямар нэгэн нэмэлт тайлбар хийхгүй, дүрүүдээ сайн муу гэж зааглаж хуваасан зүйл ч байхгүй. Үйл явдлыг Жин Луйз охины харсан, дүгнэсээр л уншигчид хүргэж байна. Бидний бусдын тухай  бодсон таамагласан болгон зөв байх албагүй. Өчнөөн жил нэг нутаг усанд амьдарсан мөртлөө бие биенээ, амьдралынх нь далд нууцыг таньж мэдэж чадахгүй өнгөрөх нь бий. Өмгөөлөгч Аттикусын хөршүүд янз бүрийн ааш авиртай хүмүүс байдаг.Гэтэл яагаад, ямар учраас ийм байгааг хэн ч мдэхгүй. Зөвхөн гаднаас  нь харж, амьдралаар нь дүгнэнэ. Гэтэл хэн нь сайн, муу ямар зовлон бэрхшээл  тохиолдож байгааг  хэрхэн яаж мэдэх вэ? Хүн хүнээ ойллгох тийм хэцүү юм уу. Хөрш айлын буг Редли гэгч чухам хэн бэ гэдгийг хэн яг таг мэдэх билээ. Аймшигтай ороолон гэсэн цуу яриа л тэр хүнийг улам аймшигтай болгоно. Үргэлж байшингийнхаа гадаа тэргэнцэрт  суух ааш муутай, адайр зантай эмгэн юуны учир шаналж байгааг хэн ч мэдэхгүй. Өдөр болгон тааралдах мөртлөө хөршүүдийнхээ амьдралын нарийн ширийн зүйлсийг бид мэдэхгүй. Зөвхөн өөрт төрсөн сэтгэгдлээр нь дүгнэнэ. 

Хүн хүнээ ойлгох хайрлахад тийм хэцүү гэж үү. Хүнийг гарал үүсэл, шашин шүтлэг ,арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхах нь хүнлэг ёсны хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг бид яагаад ойлгодоггүй юм бол. Еврейчүүдийг хавчин гадуурхасан Гитлерийг үзэн ядах мөртлөө нэг улс орон дотор зэрэг зиндаагаар нь ялгаварлаж харьцах нь хүнлэг бус явдал юм. Энэ зохиол нийгмийн харилцааны гажуудал өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн тусаж байгааг үзүүлснээр үнэ цэнтэй бүтээл юм.Томчууд бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолыг дарангуйлж, өөрсдийнхөө хүслээр байлгах гэсэн дарангуйлал нь хэрхэн дарамт болж байгааг мэддэггүй. Нэг үгээр хэлбэл хүүхдийнхээ эрхийг булаан авч өөрсдийн сонголтыг тулгадаг. Хүүхдийг хэт эрхлүүлэх, зодож шийтгэх аль аль нь хортой. Балчир хүүхдийн оюун бодол, сэтгэлзүйг гэмтээж байгаа ухамсарт үйлдлүүдээ үргэлж зөвтгөж ирсэн.Бид эцэг эх нь учраас  өмнөөс нь цццшийдэх ёстой гэсэн муйхар үзэл хүүхдийг биднээс улам холдуулдаг. Тэд бас өөрсдөө сонголт хийх эрхтэй гэдгийг үргэлж мартдаг. Хар арьст залуу Том Робинсон цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдоход аав Аттикус өмгөөлөх болсон нь тэдний гэр бүлийг хүнд сорилтын өмнө авчирчээ. Том робинсон мэргэжил, боловсролгүй бүдүүлэг тэгээд ядуусын хороооллын  хар арьст хүн учраас гэмт хэрэг үйлдэх нь гарцаагүй гэсэн нөгөөх л өнгөц бодлоор бүгд хялайн харж байна. 

Гэтэл хүнийхээ хувьд тэр арьст залуу чухам хэн бэ? Энэ хэргийг үйлдсэн үү үгүй юу гэдгийг Аттикусаас өөр хэнд ч сонин биш байдаг. Гэмт этгээдийг бушуухан цахилгаан сандалд суулгахыг ард иргэд, шүүгч хуульч нар хүснэ. Энэ бол Аттикусын хувьд нэр төрөөрөө дэнчин тавьсан, хүүхдүүдийнхээ өмнө хүнлэг үзэл, шударга ёсыг үлгэрлэн үзүүлэх ёстой сорил юм. Шүүх дээр ялалт байгуулж чадаагүй ч шударга үнэний талд зогсож чадсанаараа хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд хамгийн сайн аав болон үлдэж чадаж байна. Аавыгаа хөгшин хүн шиг, ном сонин шагайхаас өөр юм мэддэггүй болхи хайнга, бодь хүн  гэж боддог  хүүхдүүд  нь  аавыгаа хүн чанарыг эрхэмлэдэг, хүчирхэг бодол сэтгэхүйтэй, шударга хүн гэдгийг ойлгож авна. Хамгийн мундаг аав. Тэр хүүхдүүдтэйгээ найз нөхөд шиг харьцаж, зөв бурууг нь ялгаж өгнө. 

Хэн нэгнээс өмөөрөхгүй, зодож шийтгэхгүй. Алдаа хийсэн бол  тэрийгээ хүүхэд өөрөө ухамсарлаж хүнээс уучлалт гуйж, гэм буруугаа өөрөө үүрэх ёстой. Тэгж байж л зөв хүн болно. Сонголт хийх, бас алдаа хийх эрхий нь ч хүүхдэд өөрт нь үлдээх хэрэгтэй. Хүүхдийнхээ үзэл бодол, хүсэл сонирхолыг хүндэтгэх хэрэгтэй. Амьдралын үнэнийг хүүхдүүд өөрсдөө таньж мэдэж байгаа нь их сайхан. Зохиолч Харпер Лий эхний романаараа алдар хүндийн оргилд гарч, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн боловч дахин зохиол бичсэнгүй даяанч адил нам гүм бүгжээ. Яг л Хөх тарианы харуул сонгодог романаа бичээд зэнгийн бясалгалд  автсан нутаг нэгт зохиолч Селинжэр шиг. Хачирхалтай хэрэг шүү. Бүр хожим энэ романыхаа үргэлжлэл болох  "Харуул тавь" романаа 30 жил хав дарсны дараа нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 2015 онд хэвлүүлжээ. Гэхдээ энэ романаа эхэлж бичсэн гэж байгаа шүү. Ийм л оньсого мэт нууцлаг амьдралтай зохиолчийн Америк төдийгүй дэлхий даяар алдаршсан сонгодог романыг монголчилсон орчуулагч Сугиррагчаа тун эвлэгхэн хөрвүүлсэн байна лээ. Энэ романыг аль ч насны хүн уншиж болох хөрвөх чадвартай бүтээл болсон нь энэ зохиолын бас нэг онцлог болов уу.