Монголын мэргэжлийн иогийн спортын холбооны “Намастэ” иогийн олон улсын сургуулийн "Шангрилла" төвийн нээлт өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хэрхэн эерэг зүйл дээр оюун бодлоо төвлөрүүлэх вэ сэдвээр лекц уншсан юм. Лекцийн хэсгээс эмхэтгэн хүргэж байна.


Сөрөг дээр бус эерэг дээр төвлөр

Гудамжаар зөрж өнгөрсөн хүн  бүр инээмсэглэвэл ямар сайхан харагдах бол. Анзаарах нь ээ, хүүхдүүд л нүүр дүүрэн жаргалтай харагддаг, залуусын тал нь хувь инээмсэглэл тодруулж харин ахимаг насныхан баргар царайлан алхах нь надад гунигтай санагддаг. Монголчуудын маань зүрх сэтгэл юугаар дүүрвэл аз жаргалтай амьдрах бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Үнэндээ энэ тийм хэцүү зүйл биш ээ. Тэр түлхүүр нь ухамсрын түвшиндээ эерэг сайхан бодолтой л явах юм.

Хамгийн аз жаргалтай хүн хэн бэ гэвэл олон хүн хүүхэд гэж хариулах байх.Тэгвэл тэдэн шиг байхад зүрх сэтгэл жаргалаар дүүрэх нь ээ. Бид энэ биеэрээ хүүхэд насандаа эргээд очихгүй ч сэтгэл санаагаараа тэдэн шиг гэнэн цайлган, дэврүүн байж чадна. Тэд яагаад жаргалтай байдаг гээч. Олон зүйлд сатаардаггүй, элдэв бодол тээдэггүй учраас зүрх сэтгэл нь үргэлж жаргалаар бялхаж явдаг. 

Яг үнэндээ бодох нь өөрөө зовлон юм. Тийм ч учраас бурханы шашинд бодол ухамсар хоёрыг тусад нь авч үздэг. Бодол гэдэг нь тархи, ухамсар гэдэг нь зүрх юм. 

Учир нь ухамсарлаг байдал нэмэгдэх тусам хүний зөн совин хөгждөг. Бодох шаардлагагүйгээр хүн зөнгөөрөө зөвийг хийдэг гэсэн үг. Гэхдээ юу ч битгий бод гэсэн үг биш ээ. Ажил амьдралаа зохицуулахад бодол орж ирж л таарна. Харин бусад үед хэрэггүй бодлоо ээдүүлж тархиндаа хураах бус сөрөг эерэг гэдгийг нь мэдэж хуваан таних тухай ойлголт юм.

Үүнтэй холбоотой нэг үлгэр бий. Нэг хүн ид шидийн рашаан зарж байхтай таарч гэнэ. Сонирхоод асуутал “Та энэ рашааныг зэс түмпэнд хийгээд гурилаа тасралтгүй 3 цаг хутгаарай. Тэгж чадвал энэ түмпэн дүүрэн гурил чинь цул алт болж хувирна” гэжээ. Мөнөөх эр итгэж ядан тохуурхахад өмнөөс нь хэрвээ алт болохгүй бол бид таны мөнгийг нугалж өгнө, гэхдээ та хутгахдаа бүжиглэж байгаа цагаан баавгай л битгий бодоорой гэж гэнэ. Ингэж хэлэхэд нь тэрхүү эрийн инээд хүрч, цагаан баавгай бодно гэж юу байхав дээ гэж хэлээд харижээ. Гэртээ очоод гурилаа хийлээ. Гурил ч цагаан өнгөтэй тул шууд л баавгайн тухай бодол толгойд нь ороод ирэв. Алттай болохын тулд  өөр зүйл бодох гэж гэвч тэр чадсангүй. Хэчнээн өөр зүйлд төвлөрлөө ч нэг л мэдэхэд цагаан баавгай бүжиглэж байгаа нь төсөөлөгдөөд салсангүй. 

Яг үүн шиг хүн сөрөг бодлыг бодохгүй гэж хичээх тусам бодогддог. Учир нь анхаарал түүн дээр л төвлөрсөн учраас. Тиймээс аль болох бодлоос зугатааж мэдрэмждээ хөтлөгдөөрэй. Эцсийн эцэст энэ амьдрал тархинаас зүрх рүү хийх аялал юм. Өөр юу ч биш. Тиймээс сөрөг дээр төвлөрөх бус эерэг дээр төвлөр. Ингэхийн тулд дотроосоо сөрөг мэдрэмжээ олж илрүүл, өөрийнхөө сэтгэлийнхээ төлөв байдал голч нурууг мэдэр, анзаар. Ямар өвчтэй гэдгээ мэдэж, оношилж байж эмчлүүлдэгтэй төстэй.


Таагүй дурсамжтайгаа нүүр тул

Магадгүй зүрх сэтгэлд тань олон жил тээсэн хүнд шаналал, сөрөг мэдрэмжүүд байгаа бол түүнийг бод, олж илрүүл. Энэ тийм амар зүйл биш, та шанална, гуниглана. Гэхдээ тэр өнгөрсөнд үлдсэн тэрхүү сөрөг мэдрэмжээ эргэн санахдаа тэгэх байсан юм гэх бус дотроо түүний зангилааг тайл, өөрийнхөө зүрх сэтгэлийг бага багаар чөлөөл. Ингэсэн цагт та зүрх сэтгэл чөлөөлөгдөнө.

Зүрх үргэлж үнэнийг хэлдэг. Хүн үүсэхэд хүртэл хамгийн эхэлж үүсдэг эрхтэн шүү дээ. Сэтгэл хөдлөлөө мэдрэхийн тулд зүрхээ чагнаарай, энэ мэдрэмж хэзээ ч худал байдаггүй.

Азжаргал бол мэдрэмж. Мэдрэмж зөвхөн одоо цагт л байна. Маргааш эсвэл өчигдөрт биш. Гэтэл хүмүүс бодлоо өнгөрсөнд эсвэл ирээдүй дээр л төвлөрүүлчихдөг дутагдалтай. Өөрөө ч мэдэлгүйгээр бодлын түмэн урсгалд живж орхидог. Яагаад энэ цагийг мэдэрч, байгаадаа баярлаж болохгүй гэж. Инээж баярлахад яагаад том шалтгаан хэрэгтэй гэж. Энэ бол сэтгэлийн хөөрлийн тухай яриа биш. Аз жаргал бол сэтгэлийн амгалан тайван, цаанаасаа ундарч гарч ирсэн эерэг мэдрэмж юм. Хүн аз жаргалтай өөдрөг байхын тулд зүгээр л талархалаа илэрхийлж аливааг гайхан бишрэх чанараа гээхгүй байхад болно. Яг л хүүхэд шиг нүдээр энэ ертөнцийг, эргэн тойрноо, хайртай хүмүүсээ хараарай.

Томчууд аливааг хуучнаар, баригдсан сэтгэлгээгээр хардаг учраас шинээр харж чаддаггүйд асуудлын шалтгаан бий. Хүмүүс ажилдаа явахдаа өглөө бүрийн нарыг тэр бүр анзаардаггүй хэрнээ хотын утаа, замын түгжрэлд л анхаарлаа хандуулдаг. Хоцорчих вий гэсээр л хоцрох жишээтэй. Гэтэл амралтаар эсвэл хөдөө явж байхдаа өглөөний нарыг жаргалтай гэгч анзаарч хардаг. Юунд төвлөрнө түүнийг л олж харж байгаа хэрэг. Уг нь тэр хоёр өдрийн нар адилхан манддагаараа мандаж, тэнгэр цэлийж, уулс ханхайж, модод шуугиж, үүлс нүүж л байгаа шүү дээ. 

Гэртээ дүнсийж суух тэр нэгэн хэвийн мэдрэмжээс зугатахын тулд хүмүүс найз нөхөдтэйгээ уулзахаар гадагшаа гардаг. Уг нь хүн тэр мэдрэмжтэйгээ шууд нүүр тулах ёстой. Тэр зөвхөн таны дотор байгаа бодлууд шүү дээ. Хаана байх нь хамаагүй сэтгэлийн хандлага, сэтгэлийн олж харах зүйлс өөрчилөгдөхөөр аз жаргал бидэнд ирж байдаг.

Ухамсартай байгаа тохиолдолд хүн буруу юм хийх боломжгүй

Хүн байнгын ухамсартай байх учиртай. Мэдэхгүйгээ мэдэж байгаа нь, мэдэж байгаагаа мэдэж байгаа нь ухамсар юм. Эргэлзэж байгаа тэр мэдрэмж ч ухамсар мөн. Мэдэхгүй байгаагаас болоод тархинд хэдэн  зуун бодол хөвөрнө. Хэрэв бид бүх зүйлийг ухамсартайгаар хийгээд эхэлбэл бодол байхгүй ч үйл хөдлөл хүртэл ухамсартай болно. Зарим хүн ярьж байхдаа өөрийн эрхгүй хөл гараа хөдөлгөдөг шүү дээ. Энэ бол ухамсаргүй үйлдэл. Харин ухамсартайгаар хөдөлбөл гар хөлийнхөө булчингийнхаа агшиж сунаж байгааг мэдэрнэ.

Хийж байгаа үйлдэл, бодож байгаа бодлоо мэдэж байгаа нь өөрөө ухамсар юм. Юу хийж байгаагаа мэдэхгүй хийж байгаа үйлдэл болгон буруу. Ухамсартай байгаа тохиолдолд хүн буруу юм хийх боломжгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд түлхүүрээ хаана тавьсанаа санахгүй хайх юм. Эрэл сурал болж олсны эцэст тухайн хүн тэнд тавьсан гэдгээ санадаг шүү дээ. Хэрвээ тэр мөчид байгаад ухамсартайгаар тавьсан бол хаана тавьсан, хажууд нь юу байсныг ч санана. Түлхүүрээ тавихдаа өөр зүйл бодсон болохоор, өөр цаг хугацаанд оршиж байсан учраас санахгүй байгаа хэрэг.