“Эрдэнэзуу” хий­дийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Ууланд гурван сар орчим бясалгаад бууж ирсэн байх аа?

-Хоёр сар гаруй бясалгал хийлээ.

-Гэр бариад бясалгадаг уу, эсвэл агуйд уу?

- Би 2009 онд Эрдэнэзуугаас арваад км-ийн зайтай газар, ууланд бясалгалын жижигхэн сүм барьсан юм. Байнга очиж чадахгүй болохоор хашаандаа, газар дор бясалгадаг өрөө барьсан. “Эрдэнэ зуу”-даа байхдаа тэндээ суудаг. Бясалгал тогтмол байж үр дүн нь гардаг, ахидаг зүйл л дээ. Цагаан сараас хойш уулын сүмдээ суусан. Ер нь бясалгалд орчин их чухал байдаг. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатанд. Ийм үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Урьдын лам нар бясалгах гэж агуй руу явдаг байсан нь ийм учиртай.

-Лам нар бясалгах үедээ модон тагшинд хооллодог, өдөр бүр аяганыхаа амсрыг чулуунд үрж жижигсгэдэг, сүүлдээ бүр огт хоол идэх шаардлагагүй болдог гэж ирээд ярьцгаадаг. Урт хугацааны бясалгалын үед хоолон дээр ийм хатуу дэг барьдаг уу?

-Идэж байгаа зүйлс биед тодорхой хэмжээгээр үлддэг. Жишээ нь үхрийн мах идсэн бол үхрийн нэг хэсэг нь, хонины мах идсэн бол хонины нэг хэсэг нь гэх мэтээр ямар нэг байдлаар тодорхой мэдээллүүд биед үлддэг. Нөгөө талаасаа мах ч юм уу, хэт хүнд хоол идвэл бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Тийм учраас хөнгөн хооллодог. Бясалгалын үед хоолыг хэт хүчилж хорьж болохгүй л дээ. Хүсвэл идэж болно. Гэхдээ бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Түвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Та яаж хооллож байсан бэ?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Дан цагаан хоол идсэн. Бясалгалын хувьд хоол нэг номерын асуудал биш л дээ. Гэхдээ хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа буян. Маш олон амьтны амь аварч байгаа буян. Учир нь бидний хэрэглэж байгаа бүхэн хэмжээ хязгаартай. Зуун грамм мах идлээ гэж бодъё. Тэр махыг бүрдүүлэхийн тулд үхрийг тугал байхаас нь эхлээд усалсан байж таарна. Багахан хэмжээний ийм мах идэхэд л 15 тонн ус зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Ийм тоо сонссон хүн идэхгүй байж ширээ дүүрэн хоол авчихаад хаядгаа болино шүү дээ. Хоолоо ч бясалгал болгож болно. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Энэ мэтээр үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх л юм бол бясалгал болчихож байгаа юм.

-Тэгвэл бясалгалыг энгийнээр ердөө л ухамсартайгаар бүх юмыг хийх гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энгийнээр хэлбэл хийж байгаа юмаа мэдэж хийнэ гэсэн үг. Аягаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би аяга угааж байна” хэмээн мэдэж хийхийг хэлээд байгаа юм. Өглөө босох, нүүр гараа угаах, ажилдаа явахдаа ч бясалгал хийж болно. Хийж байгаа үйлдэл бүрээ ажиглаж, ухамсартай үйлдэл хийж байвал, ямар бодол урсаад байгаагаа таньдаг бол тэр чинь бясалгал. 

Хүмүүс автобусанд явж байхдаа юу ч бодохгүйгээр зам дагуух хаягнуудыг харж явдаг. Би ийм хаяг уншиж байна даа гэж мэдэхгүйгээр дадал болгочихсон байдаг л даа. Тэр үйлдлээ л ухамсартай, мэдэж хийвэл бясалгал болно.

-Гэхдээ хүмүүс бясалгалыг огт өөрөөр ойлгоод дөлөөд байдаг. Наад зах нь нүдээ аниад нам гүм суух ёстой гэж төсөөлдөг. Ер нь бясалгал энгийн хүмүүст яагаад, ямар учраас хэрэгтэй вэ?

-Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг.

Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

-Таны бясалгалын нэг өдрийг сонирхмоор байна. Өдрийн турш бясалгах уу?

-Ямар бясалгалаасаа хамаараад тунгаар хийдэг л дээ.

-Тунгаар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өглөөний бясалгалаа хийчихээд өдөр хооллох үедээ завсарладаг. Тэгээд үдээс хойшийн бясалгалаа хийнэ. Үдээс хойшийн бясалгалын дараа алхах ч юм уу, түр завсарлаж байгаад оройны бясалгалаа эхлэхийг тунгаар хийнэ гэдэг юм.

-Ууланд ганцаараа удаан хугацаанд бясалгал хийхээр эвгүйцэх үе гарах уу. Чононоос эхлээд...?

-Чоно зөндөө л дөө. Тэр бол нэг их чухал биш. Өөртөө гэхээс илүү тэр хавийн малд их санаа зовдог байсан. Чоно ирээд унагыг нь түүчих нь их хэцүү. Өөдөөс нь дуу гаргаад дөхөхөөр үргээд явчихдаг юм. Түүнээс биш хүн рүү дайрч ирнэ гэж байхгүй л дээ. Эсвэл оройдоо жаахан хашгирчихаад унтахад чоно дахиж ирдэггүй. Элдэв айдас гэхээс илүү харин ч байгальдаа байгаа учраас илүү жаргалтай шүү дээ. Бид хүнсээ сонгохдоо хүртэл аль болох дахин боловсруулаагүй, цэвэр байгалийнхийг сонгохыг хүсдэг. Хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдгийн л нэг жишээ. Та бодоод үз дээ. Хаалга онгойгоод л уул, хаалга онгойгоод л тал, үүд цэлсхийтэл нээгдээд л цэцэг жимс. Сонсоход хүртэл гоё байгаа биз. Гэтэл суурин газарт өөр. Хаалга онгойгоод л байшин, түгжрэл.

-Бясалгалын түвшин ахиад ирэхээр айдас гэх мэт таагүй мэдрэмжээс салдаг байх нь л дээ?

-Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг. 

Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. 

Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

-Таны бясалгалын хичээлд суусан хэн ч бясалгалыг маш энгийнээр ойлгож, амьдралынхаа жирийн л нэг дадал болгоход төвөггүй юм шиг санагдсан. Бясалгалын курс хичээллүүлье гэж боддог уу?

-Би бясалгал заах дургүй. Өндөр түвшинд хүрч, хүнд заах хэмжээнд очсон гэж өөрийгөө үнэлдэггүй. Хүмүүсийн хүсэлтээр заадаг. Төрийн бус байгууллага маань хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг юм. Бясалгалаас олсон орлогоороо тэр ажлаа санхүүжүүлэхийн тухайд гэдэг юм уу, хүнд үнэхээр хэрэгтэй гэдэг утгаар нь заадаг. Зорьж ирж байгаа хүмүүсийн хувьд үр дүн гарах магадлалтай учраас заадаг л даа. Алсдаа нийтэд зарлаад том хэмжээний бясалгалын курс явуулах бодол байхгүй. Зовлонгоо хуваалцаж, асуудлаа ярья гэж хүссэн хүнтэй бол ганцаарчлаад ч хамаагүй уулздаг.

Хэдэн цагаар ч хамаагүй сонсч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дуртай. Сэтгэл чинь яг эндээ очоод байна, үүнийгээ засахгүй бол ингэнэ гэх мэтээр зөвлөдөг. Энэ чиглэлээр ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж боддог. Хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэх мэт асуудалтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болж бөө удган, үздэг хардаг гэх мэт олон хүн гарч ирж хүмүүсийг хуурч, хөрөнгө мөнгөөр нь хохироогоод байх шиг санагддаг. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.

-Сүүлийн үед бясалгалын маш олон хэлбэр орж ирж, өчнөөн янзын курс хичээллэж байна. Ер нь бясалгалын хичнээн арга байдаг вэ?

-Хүн болгон тус бүрдээ давтагдашгүй бүтээл. Тийм болохоор яг танд тохирсон бясалгал өөр хүнд тохирох албагүй. Хүн бүрд тохирсон бясалгалын арга байж болно. Долоон тэрбум хүнд долоон тэрбум бясалгалын арга байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн сэтгэл зүй өөр учраас хүн бүрд тохирсон бясалгалын арга барил байх хэрэгтэй. Өөрт тохирсон бясалгалын арга барилаа олбол үр дүн нь хурдан гардаг. Монголд маш олон бясалгал орж ирж байгаа нь зөв гэж боддог. Хэчнээн доод зэрэглэлийн бясалгал байсан ч хүмүүсийг өөрчилдөг. Бясалгаж байгаа тохиолдолд хүн өөрчлөгдөх боломжтой. Манайх л зөв, миний сонгосон бясалгал л төгс гэсэн хандлага байдаг. Ийм хандлага төрж л байвал болоогүй байна гэсэн үг.

-Очир завилгаагаар суулган занданшуулсан шарил хэдэн сарын өмнө олдсон. Урьд цагт самадид орсон ийм лам, гэгээнтэн олон байсан гэдэг. Өндөр түвшинд бясалгадаг тэр уламжлал тасарсан уу, одоо ч бий юу?

-Тасраагүй. Лам нараас гадна бясалгаж байгаа энгийн хүмүүсийн дунд ч өндөр түвшинд хүрсэн хүн зөндөө бий. Бясалгах тусам хүний би гэх үзэл улам багасах учиртай. Өндөр түвшинд хүрсэн хүмүүст би гэсэн үзэл байхгүй учраас чимээгүй байдаг. Миний мэдэхийн өндөр түвшинд бясалгадаг гуч, дөчөөр тоологдох хүмүүс бий. Энгийн хүмүүсийн хувьд зарим нь өөрсдийгөө мэдэхгүй байх нь бий. Зүгээр ярьж суухад хүртэл мэдрэгддэг. Тийм хүмүүстэй ярилцаад сууж байхдаа би ийм түвшинд хүрээгүй байна даа гэж боддог. Над шиг даруу бус, эгондоо баригдсан хүн л ярилцлага өгөөд ч юм уу, иймэрхүү байдалд орж байгаа юм. Өндөр түвшинд хүрсэн бол өгөхгүй гээд зугтаана шүү дээ. Тэгэхээр би болоогүй л байна гэсэн үг.

-Гэхдээ нийгэмд сайныг түгээнэ, эерэгээр нөлөөлнө гэдэг талаас нь харвал харин ч зөв үйл хийж байгаа юм биш үү?

-Хэцүү л дээ. Ярвигтай асуудал. Бүдүүн түвшинд бол “Нээрээ тийм тал ч бий шүү” гээд тоохгүй байж болно л доо. Гэхдээ нарийн түвшинд бол өөр

Бусдад үнэхээр тус болж чадаж байвал хайраараа шалгуур тавих ёстой. 

Тэр хүнийг энэрч хайрлаж, тусалж, өөрчлөгдөх боломж олгож байвал “Би зүгээр сууж, дуугүй байж болохгүй дээ” гэж бодож болох юм. Ийм шалтгаанаар өөрийгөө өмөөрч болох л байх.

-Хүмүүс бясалгалыг эрүүл мэнд талаас нь харж, их сонирхдог болж. Эрүүлжихийн тулд хийдэг тусгай бясалгал гэж байх уу?

-Бясалгал бол дандаа сэтгэл дээр тулгуурладаг. Сэтгэл амгалан тайван байвал бие махбоди дагаад эрүүлжих боломжтой. Бие өвдөхөд сэтгэл хямардаг, сэтгэл хямрахаар бие өвддөг гэдэг дээ. Тэгэхээр бясалгал сэтгэлийг тайвшруулдаг гэдэг утгаараа биед ч нөлөөлнө. Рейки гэх мэт бие махбодьтой хамаатай бясалгал өчнөөн бий.

-Хорт хавдраар өвчилсөн хүн бясалгаад эрүүлжсэн жишээ нэлээд сонсогддог. Ийм боломж бясалгалд үнэхээр бий юу?

-Боломжтой. Магадлалын хувьд бясалгал хийсэн бүхэн эрүүлжих албагүй л дээ. Гэхдээ хүнээсээ, хавдрын байдлаасаа, оролдлого, зөв арга барилаасаа хамаарч эерэг өөрчлөлт гарах бололцоотой. Сэтгэл амгалан байхаар дагаад бие эрүүлжсэн жишээ олон бий. 

Миний нэг таньдаг хүн талархлын бясалгалыг жил хийсэн юм. Хүчний байгууллагад ажилладаг хүн л дээ. Байгууллагаараа эрүүл мэндийн үзлэгт орсон чинь их олон өвчтэй гарсан юм билээ. Гэхдээ аминд хүрэхээр ноцтой өвчнүүд байгаагүй. Тэр хүн надтай лекцэн дээр таарсны дараахнаас талархлын бясалгал хийсэн гэсэн. Өдөр бүр дуртай аялгуугаа сонсоод талархаад байж. Жилийн дараа эрүүл мэндийн үзлэгт дахиад ортол ганцаараа цоо эрүүл гарсан үр дүн бий. Ямар ч эмчилгээ хийгээгүй хэрнээ эрүүл гарсан гэж надад хэлж байсан.

-Талархлын бясалгалаа манай уншигчдад зааж өгөх боломжтой юу?

-Бололгүй яахав, их энгийн бясалгал. Миний хамгийн хийх дуртай бясалгал. Юм бүхэнд талархсан, баярласан сэтгэлээр хандаж сурна гэсэн үг л дээ. Дуртай аялгуугаа тавиад аялгуундаа уусангаа талархахад л болно. “Баярлалаа аав, ээж минь. Ямар их хүч чармайлт, хайр энэрлээр намайг хүн болгосон юм бэ, та хоёр минь” гэж ирээд таларх. Талархмаар хүмүүс амьдралд зөндөө бий. Талархлаа хэлж чаддаггүй гэм бидэнд бий. Тэр дундаа монгол хүмүүс. Дотроо бодож явдаг хэрнээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Би эхлээд бурханд талархдаг юм. Тэгээд багш нартаа, аав ээждээ, найзууддаа талархдаг. Хүн үлдээчих вий дээ гэж талархдаг. Дараа нь эд зүйлсдээ талархдаг. Биед эвтэйхэн байдаг хувцсандаа талархаад үзээрэй, үр дүнд нь та сайхан харагдана. 

Тэгээд дараа нь оршихуй руу, таньдаг мэддэг бүх хүн, нар сар, уулс, үүлс гээд энэ орчлонд талархах зүйл өчнөөн бий. Сайндаа л 10, 15 минутаар өдөр бүр хийгээд байвал гайхалтай үр дүн мэдрэгдэнэ. Амлаж байна. Чин сэтгэлээсээ хийж чадвал сарын дотор маш олон өөрчлөлт гарна.

-Та “Эрдэнэ зуу руу хэзээ явах вэ?

-Маргааш(өнөөдөр) явна.

-Ер нь цаашдаа Эрдэнэ зуудаа л байх хүсэлтэй юу?

-Ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Би хаана байхаас хамаарахгүйгээр тухайн агшин хоромд аз жаргалтай байхыг хүсдэг. Өнгөрсний харуусал, ирээдүйн мөрөөсөл хоёроос болж л бид зовдог. Би тэгсэндээ гэж өнгөрснөөр өөрийгөө дарамталж, эсвэл ирээдүйд тийм юмтай л болбол жаргана гэж аз жаргалд маш том шалгуур тавьчихдаг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй дандаа сэтгэл дундуур амьдардаг. Зүй нь бүх юм яг одоо, энэ мөчид л болж байгаа. Тэгэхээр би Эрдэнэзууд байна уу, гадаадад байна уу, хаанаас ч хамаарахгүйгээр тэр мөчдөө л уусч байвал аз жаргалтай амьдарч чадна. Ажлаа ч аз жаргалтай хийх ёстой. Өглөө бүр хүнд ажил хийж өгч байгаа мэт хандаж ажил руугаа явдаг хүмүүс олон бий.

Гэтэл таны амьдралын үнэтэй мөч хором бүр урссаар байдаг. Хүн дунджаар 20 жил ажиллалаа гэхэд бүтэн таван жил буюу 40 мянган цагийг зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг гэсэн тооцоо бий. Хүнд ажил хийж өгч байгаа мэт сэтгэлээр өнгөрөөсөн бол амьдралын үнэтэй цаг чинь тэр хэрээр хорогдохоос биш даргын чинь цаг хорогдохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй л дээ.

/2015.06.17/