Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран Хепатитын өдрийг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Др.Шин Ён Су вируст хепатит, түүнээс үүдэлтэй өвчлөл, шалтгаант нас баралтыг бууруулахаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшаан дэмжиж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц хөтөлбөр болсон" гэдгийг цохон тэмдэглэв. 

Др.Шин Ён Су Монгол Улсад хүрэлцэн ирээд орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэрээ анхан шатны эмч, сувилагч нар хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн тулд, хүн амаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэхийн тулд мориор хүртэл уналга хийн хичээн ажиллаж байгааг хараад анхан шатны тусламж үйлчилгээний энэхүү жишгийг дэлхий даяар мэдэх ёстой гэсэн бодол өвөртөлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд туйлын сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авахын тулд “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар, хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилгоо биелүүлэхээр Засгийн газар, салбар яам идэвхтэй ажиллаж байгаа талаар ярив.

Мөн элэгний өвчлөл Монгол Улсад их байгаа тул энгийн иргэнээс эхлээд Төрийн тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж тэмцэх ёстой, үүний дээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны дэмжлэг их байгаад талархлаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.