УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Тэрээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж, тааварлахын аргагүйгээр учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх, ийм үйлдэл яагаадд хийх болсон бэ. Үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болоо вэ гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. 

Улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна гэж би санасангүй. 

Нэг зүйл л тодорхой байна. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байсан Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Гол холбогдогч нь Сү.Батболд гэдгийг тогтоогоод эхэлсэн. Иймд тэрээр монголын төрийг хямрааж, ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэрээс дүгнэн мэдэгдэж байна.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэлд би туйлын харамсалтай байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн бол У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэдийн итгэсэн сонголт байсан. Цар тахлын энэ хүнд үед нийт иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг огт дэмжихгүй байна" хэмээлээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийж, огцорч буйгаа мэдэгдсэн. 

Тэрээр энэ үеэрээ "Ард түмэн жагсаж буй энэ цаг үеийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн санаачлагаагаар зохион байгуулсан жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалж ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, улс төрийн оноо авах гэж зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн үйл ажиллагааг удаа дараа хийж байна. 

Цаашдаа ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд би үзэж байна" хэмээсэн юм.