Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгт оролцож утааны асуудлаар ярилцлаа. Ярилцлагаас тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсад тулгамдаж буй олон асуудал байна. Үүнээс маш аюултай, хор хөнөөлтэй нь утаа. Утааг яагаад онц байдлын хэмжээнд яриад байна вэ гэхээр өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Энэ хурлаар утааны асуудлаар хэлэлцэж маш олон үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, яамдад өгсөн байна. Үүнээс хойш нэг жил өнгөрөхөд харамсалтай нь утааны асуудал яг хэвээрээ байж л байна.

Тэгэхээр жил бүр болдог энэ утааг яг утаа нь гарахаар нь л ярьдаг. Үүнийгээ болъё гэсэн үүднээс би УИХ-д Онц байдал зарлаж арай өөрөөр тэмцэх санал тавьсан. Энэ талаар хоёр Байнгын хороо хуралдаад арай ч дээ гэмээр дүгнэлт гаргасан байсан. 

Энэ УИХ байгуулагдаж ажиллаад нэг жил зургаан сар болж байна. Хүлээлт их байсан. Харамсалтай нь амлалтаа биелүүлж чадахгүй байна. Ийм байдлаас болоод УИХ-д итгэх иргэдийн итгэл байхгүй болж байна. Би ч хэд хэдэн зүйл дээр хориг тавьсан. Харамсалтай нь УИХ хүлээж аваагүй. Жишээ нь тэр 55 тэрбумыг тараах асуудал. Түүнийгээ тараахдаа хамгийн өгөх хэрэгтэй хүмүүс болох өрхийн эмч нарыг хасчихаж байгаа юм. Дээрээс нь татвар нэмлээ. Энэ мэт олон амлалтаасаа буцаад ирэхээр УИХ-ыг тараах хүсэлт иргэдээс маш олон гарч байна. Цаашид ч гарах юм шиг байна. 

1992 оноос хойших Үндэсний Аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжүүдийг шүүж үзлээ. Энд яригдаагүй зүйл байхгүй. Гэвч хэрэгжиж буй зүйл бас байхгүй. 

Хэдэн яамныхан зовлон дээр мөнгө хийгээд сурчихаж. Утаагүй зуух, дулаан алддаггүй цонх гэх зэрэг маш олон зүйл гаргаад үүн дээр өөрсдийнхөө бизнесийг цэцэглүүлж байна. 147 тэрбум бол их хэмжээний мөнгө. Үүгээр иргэдийг өөрсдөөр нь орон сууц бариулаад оруулсан бол утаа хэр багасах байсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Утаа бууруулах сан байгуулаад маш их мөнгө төсөвлөсөн. Одоо нөгөө сантайгаа хамт хүн нь байхгүй болчихсон. 

Монгол Улс өнөөдөр гадагшаа ярихад ичмээр, дотогшоо ярихад гутармаар Төрийн тогтолцоо руу орсон байна. Олон хүн надтай санал нэг байгаа байх. Нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Ажлын байр ч хумигдаж байна. Татвар нэмэгдлээ. Утаанд бүгд хорддог. Эндээс ганц хоёр компани л баяждаг. Тэр компанийг тойрсон улс төрийн бүлэглэлтэй. Ийм л урвуу тогтолцоотой байна. 

2010 оны зургадугаар сарын 25-нд УИХ-ын чуулганаар МУ-ыг хэрхэн хөгжүүлж болох вэ гэсэн нэлээд үр дүнтэй тогтоол гаргасан. Энд утааг багасгая. Хөдөөг хөгжүүлье. Малчдын орлогыг нэмэгдүүлье. Хот руу нүүхийг багасгая, малчин хүний бизнесийг нэмэгдүүлье гэж байсан. Хууль зүйн сайд байсан. С.Бямбацогт Ажлын хэсгийн ахалж, би ажлын хэсэгт байсан. Үүнийг даанч хэрэгжүүлсэнгүй. Утаа бол яндан, зуухтай ноцолдож шийдэх бус цогц бодлого гаргаж шийддэг асуудал. 

Ажилгүйдэл, ядуурлыг багасгаж байж утаанаас сална. Ажилгүй ядуу хүмүүс яаж утаагүй зуух, дулаалга худалдаж авах вэ, яаж орон сууцанд орох вэ. Тиймээс энэ бүгдийг зэрэг шийдээд яваач ээ гэж хэлээд л байна. Малчдыг орлоготой болгох маш энгийн. Малын гаралтай бүтээгдэхүүнийг нь худалдаж ав. Боловсруулаад экспортод гарга. Мах, ноос ноолуур гээд бүгд л экспортлогдоно. 

Батлан хамгаалах, ХХААХҮ-ийн яам зэрэг яамыг хотоос гаргах хэрэгтэй. Дэргэд нь орон сууц бариад ажилчдыг нь тэнд авааччих. Одоо орон сууц барьна гэдэг асуудал биш болсон байна. 

Хотод бол газар шийдэх гэдэг маш их асуудал болдог. Үүнээс болж барилгын ажил удааширдаг. Тэгэхээр хотоос гадна барилга, орон сууц барьхад ямар ч асуудал байхгүй. Энэ мэт шийдэж болох олон ажил байна. Эдгээрийг улстөржихгүй, хувийн ашиг харахгүйгээр хийж болохоор л байгаа юм. Гэвч хүмүүс хувийн ашгаа бодоод зуух зэргээ шахах гээд л үүнийг хийхгүй байна гэсэн дүгнэлтэд би хүрээд байна" хэмээн ярьлаа.