Жилд зургаан удаа болдог солирын бороог харахаар 50 орчим залуустай нэгдэн Төв аймаг дахь Манзуширийн хийдийг зориод ирлээ. Тэнгэрээс солирын урсгал үй олноороо асгарахыг эртний италичууд “Гэгээн Лаврентийн нулимс” хэмээдэг байж. Өдгөө дэлхийд солирын бороог италичуудынхаар “Лаврентийн нулимс” гэж нэрлэдэг.  Манай улсад солирын бороо хоёр үед л маш тод харагддаг юм байна. Нэг нь наймдугаар сарын дундуур, нөгөө нь дүн өвлөөр. Идэр ес тачигнах үеэр аялал зохиоход хэцүү болохоор яг өдийд л солирын борооны аяллыг зохион байгуулдаг гэж “Гэгээн Лаврентийн нулимс ууршина” гэсэн өвөрмөц нэртэй аяллыг зохион байгуулсан Б.Энхтөгөлдөр сонирхууллаа. 

Европчууд од харвахыг хүсэл мөрөөдөл биелэхийг зөгнөдөг гэж итгэдэг учраас энэ мөчийг догдлон хүлээдэг гэнэ. Харин монголчуудын хувьд од харвахыг таагүй хүлээж авдаг сэтгэхгүй, хандлага бий. Солирын бороо харах аялалд зам нийлсэн залуус 18-22 насныхан байсан юм.

Теннисний бөмбөг шиг жижиг солирын хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандалд орж амжилгүй ууршин шатаж буй үйл явцыг солирын бороо гэдэг аж. Ихэнх нь ингэж шатаж замхардаг ч зарим ховор тохиолдолд том хэмжээний солир шатаж дуусалгүйгээр дэлхий дээр унадаг байна. Солирын бороо харах аяллыг  Б.Энхтөгөлдөр найзуудтайгаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа гэнэ. Тэрээр "Бидний үеийнхэн  чөлөөт цагаа яагаад заавал шөнийн цэнгээний газар өнгөрөөх ёстой гэж. Би найзуудтайгаа иймэрхүү  эко аялал хийж хээрийн кофе амтлах дуртай. 

Нэвтэрхий толиос солирын борооны тухай анх уншаад аялал хийх санаа төрсөн юм. Хаанаас үзэх вэ гэж их судалсан. Тэгээд Манзуширын хийдийг сонгосон" гэж ярилаа. Биднийг очиход хэдийнэ бүрэнхий болж одод түгэж байлаа. Залуус очсон даруйдаа сонгосон газартаа майхнаа хатгацгааж түүдэг гал асаан тойрон сууж гитар тоглон,  элдвийг ярилцсаар шөнө дөл хүргэв. Гэрэл зурагчин, жүжигчин, программист гээд төрөл бүрийн мэргэжлээр сурдаг залуус цуглажээ. 

 Хээрийн цуйван амталж, халуун вино шимсэн залуус шөнийн хоёр цагийн орчим үзэгдсэн солирын бороог сонирхцгоосон. Энэ жилийн хувьд тэнгэрт хуралдсан үүл солирын бороо сонирхогчдод бага зэрэг саад болсон юм. “Өнгөрсөн жилийнх шиг тод гоё харагдахгүй байна” гэсэн залуус олон байлаа. Үүлнээс болоод хоёр минут болоод нэг удаа од харвахыг л харж амжив. “Уг нь секундад арван удаа од харвадаг” гэж Б.Энхтөгөлдөр тайлбарлаж байв. Маргааш өглөө нь эртээ гэгч халуун кофе амтлах мэдрэмж энэ аяллын салшгүй хэсэг гэж залуус онцолж байсан юм. Зохион байгуулагчид “Гэгээн Лаврентийн нулимс ууршина” аяллаа ирэх жил ч зохион байгуулна гэсэн.

Ц.Гэрэлмаа