1996 онд УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа,  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцов. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ.

1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон ийнхүү 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС