УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
 

Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулжээ.

Танилцуулж буй хэлэлцээрийн төсөл нь харилцах төв байгууллагууд, ялтан шилжлүүлэх хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг асуудлыг тусгасан 19 зүйлтэй юм байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд шүүхээр шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа иргэдийг харилцан шилжүүлэх асуудлыг тэгш эрхийн зарчмаар шийдвэрлэнэ гэдгийг Ц.Нямдорж сайд тайлбарлаад ялтан шилжүүлэх ажлын явц урт хугацаанд үргэлжилдэг онцлогтойг хэлэв. Ял эдэлж буй иргэнийг шилжүүлэх эсэхийг тухайн улс бие даан шийдвэрлэдэг гэлээ.

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 174 монгол иргэн тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байгаа аж.  Үүнээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа бол тус улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэн байхгүй гэв. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь монгол иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.