Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн.

Улсын ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэвшүүлж буйтай холбоотой асуудаар өнөөдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, иргэнийн нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Ирсэн бүх хүнд талархал илэрхийлье. Аливаа улс орны ардчиллын, хөгжлийн түвшинг иргэний нийгмийн байгууллагууд, чөлөөт хэвлэлийн оролцоо зэргээр дүгнэдэг. Өвлөөс хойшхи зохион байгуулсан арга хэмжээнүүд биднийг илүү нэгдмэл болгож, олон үр дүнд хүрсэн байна. Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг өөрчлөөд шинээр томилогдох хүмүүст хууль журам сахиж ажлаарай гэсэн захиа даалгавар өгөх түвшинд орсон байна. Гэхдээ бид тайвширч, зогсож болохгүй. Хэн нэг хүнийг өөр хүнээр солиод шударга ёс бүр мөсөн тогтчихно гэсэн итгэл, үнэмшил бидэнд байхгүй байна. Цаашид тогтолцоог боловсронгуй болгох талд анхаарч, хамтарч ажиллана.

Нэр дэвшигч нарын тухай хэлэхэд би М.Чинбат гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Өнөөдөр энэ хүний талаарх мэдээллийг үзэхэд гарцаа байхгүй салбарын хүн юм байна. Бид өмнөх 2 прокурор дээр маш том 2 алдаа гаргасан. Нэг нь улс төрийн намын дарга байсан хүнийг Улсын ерөнхий прокурор болгож, жинхэнэ улс төрийн хэлмэгдүүлэлт хийх ажлыг гардаж хийсэн. Энэ хүний талаар гомдол одоо ч тасрахгүй байна. Бизнесменүүдийг дарамталдаг, мөнгө авсан, Голомт банкаар 3 сая доллар шилжүүлж авсан гэх мэт прокурорын байгууллагын түүхэнд тохиосон эмгэнэлтэй томилгоонуудын нэг. Үүний дараа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн Улсын Ерөнхий прокуророор ажилласан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой зэрэг хэргүүдийг илтэд хувийн сонирхол үүсгэж шалгаагүй гэдэг.

Би М.Чинбат прокурорын намтарыг харахад энэ хүн Прокурорын байгууллагад тасралтгүй 20 гаруй жил ажилласан байна. Дээр нь аймаг, нийслэлийн прокурорын байгууллагуудыг удирдаж ажилласан, тэр дундаа прокурорын байгууллагад байх ёстой үндсэн мэргэшил болох мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байсанд нь би талархаж байна" хэмээлээ.