УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаад буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Өнөөдрийн мэдээллийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хийх байсан. Гэвч Төрийн ордон руу орох боломжийг олгосонгүй. М.Энхболд дарга өөрөө гишүүдийн олонх нь огцруулах саналд нэгдвэл ажлаа өгнө гэж хэлсэн хэрнээ одоо хуулийн үндэслэл яриад сууж байна. Бид өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийсэн. 2500 гаруй хүн ирсэн. Гэтэл өвлийн хувцастай ирсэн учир олон хүн мэт харагдсан, жагсаалд оролцсон хүмүүс бүгд мөнгө авсан гэх зэргээр МАНАН дэглэмийнхэн иргэдээ доромжилж байна.

Тиймээс бид нэгдүгээр сарын 10-нд орон даяар, нийслэл төдийгүй аймаг бүрт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг дахин зохион байгуулна. Энэ жагсаал тайван жагсаал байх болно. Иргэдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Төрийн болон Засгийн тэргүүн нар, хууль цагдаагийн байгууллагууд бүгд хамтарч ажиллана. Энэ жагсаал үр дүнтэй жагсаал байх болно. Тиймээс төрийн удирдлага нээлттэй, ил тод байдаг нөхцөлийг бүрдүүлэхийн тулд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тус жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.